Ө.Энхтүвшин: Нам хоёр хуваагдсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2013.08.07

Ө.Энхтүвшин: Нам хоёр хуваагдсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн

МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Бага хурлын гишүүн Б.Амарсанаа нар өчигдөр Бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариулт авлаа.

-Бага хурлын гишүүд таны хийсэн ажилд ямар нэг санал хэлсэн үү?

-Би намын Удирдах зөвлөлд санал тавьсан. Дараа нь бага хуралд бас санал тавьж, ажлаа өгөхөөр болж буйгаа зарласан.Харин намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд миний саналыг хүлээж аваагүй.

Учир нь, хоёр сарын дараа намын Их хурал болох учраас тэр үеэр хариуцлагын болоод шинэчлэлийн тухай нэг мөр ярина гэсэн.

-МАН хоёр хуваагдсан нь одоогийн намын уналтыг авчирсан гэж үзэх нэг хэсэг байна. Нөгөөтэйгүүр намын ялагдлыг үүнтэй холбоотой гэж үзэх гишүүн олон байна лээ.

-Хоёр нам болж салсан нь намын гишүүдийг хуваах шалтгаан болсон. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Ер нь сүүлийн гурван удаагийн сонгуульд ялагдсан шалтгаан ч үүнтэй холбоотой.

Намын Их хурлаар хариуцлагын болоод шинэчлэлийн тухай нэг мөр ярина.

Ахмад гишүүд маань энэ хоёр намын ялгааг ойлгоогүйгээс УИХ-ын сонгуульд санал хуваагдсан. Харин сүүлийн хоёр сонгуулийн үр дүнгээс харахад ялагдлын хувь багасч байна.

Цаашид хоёр намын ялгааг сайтар ойлгохгүй ч зүрх сэтгэл нь МАН-даа байгаа ахмад гишүүдэд үнэн учрыг ойлгуулж ажиллах шаардлагатай.