Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар
2013.07.26

Хамгаалалтын хувцсыг эх орондоо үйлдвэрлэх боломжтой

Энэ жилийн баяр наадмаас эхлэн хурдан морь унаач хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж ослын болон амь насны даатгалыг нэмэгдүүлэн гурваас таван сая төгрөг болгосон.

Ойрын өдрүүдэд дөрвөн аймгийн 90 жилийн ой болон бүсийн томоохон наадмууд болж байгаа учраас хүүхдийн төлөө үндэсний газрынхан зургаан ажлын хэсэг болон орон нутагт уяач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхааран ажиллаж байна.

ХТҮГ-ын мэргэжилтэн Г.Саранхүү: Уяачид хүүхдүүдийг хамгаалалтын хувцастай уралдаанд оруулах ёстой гэдэг дээр сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан. Бид нарын авах боломжийн үнэтэй хамгаалалтын хувцас байвал авах хэрэгтэй юм байна. Үүнийг нийлүүлэх газруудыг холбож өгөх боломжтой юу гэсэн саналуудыг тавьж байна гэлээ.

Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын хувцас хэрэглэлийг Англи улсад үйлдвэрлэдэг. Энэ хувцас нь 180 мянган төгрөгийн үнэтэй учраас хөдөө орон нутаг ялангуяа сумдад харьцангуй үнэтэй тусдаг төдийгүй нийлүүлэлт муу байгааг уяачид хэлж байлаа.

ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван: Орон нутгийн түвшинд энэ хувцсыг өмсөх боломжгүй. Учир нь Англи улсад үйлдвэрлэгдсэн нилээд үнэтэй хувцас байгаа. Бид монгол улсаас гаргасан стандартын дагуу ийм хувцас байх ёстой гэдгийг сурталчилж байна.

Хурдан морь унаач хүүхдүүд

Мөн цаашид ХТҮГ хүүхдийн хамгаалах хувцсан дээр анхаарах ёстой. Яагаад гэхээр худалдан авагч нар нь байдаг ч үйлдвэрлэгч байхгүй. Импортоор орж ирж буй хувцас нь маш өндөр үнэтэй байдаг гэв.

Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа ч хууль эрх зүйн таатай орчин үгүйлэгдэж байна. Тиймд УИХ-ын зарим гишүүд энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж мөн гадаадаас өндөр үнээр худалдан авч буй хамгаалалтын хувцсыг эх орондоо үйлдвэрлэх боломжтойг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголд бүгдийг нь хийх боломжтой. Сумынхаа хүмүүсийн дунд уралдаан зарлаад өөрсдөө хийвэл маш амархан. Жил бүр олон зуун морьд уралдана гэхээр бас л нэг бизнес болно. Малгайны хувьд манайхан арай хийж чадахгүй байгаа. Тэгэхээр үүн дээр судалгаа хийн ажиллаж байна гэлээ.

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар есөн насны морьдыг 640 гаруй хүүхэд унаж уралдуулснаас 26 хүүхэд хөнгөн гэмтэл авч, нэг хүүхэд амь насаа алдсан байна.