Б.Жавзанхүү: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг
Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү
2013.07.25

Б.Жавзанхүү: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг

Хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү эрүүлжүүлэхээс удахгүй гарах ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг  гарсан.

Тэгвэл хоёрхон сарын өмнө архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоожуулан дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй «Би том болоод бөх болно» гээд зогсох Идрээ хүүгийн талаарх дүрс бичлэгийг үзээд нийгэм тэр аяараа яргачин эцгийг жигшсэн.

Хэрэв аймшигт хэргийн газарт биеэрээ очиж бяцхан хүүд анхны тусламж үзүүлсэн түргэний эмч эмзэглэхдээ олон нийтийн сүлжээгээр мэдээлээгүй бол магадгүй хүүгийн амьдрал өнөөдөр ч тэр хэвээр байхыг үгүйсгэхгүй.

Сайн санаат олон түмний ачаар Идрээ хүү өнөөдөр архичин эцэгтээ зодуулах зовлонгүй ээж дүү нарынхаа хамт амар тайван амьдарч байна. Харин яргачин эцэг хуулийн дагуу хариуцлагаа хүлээхээр хоногоо тоолон байгаа.

Нийгэмд ил гарч олныг цочирдуулсан энэ мэт хэргүүд ээлж дараалан гарч байгаа ч үүний цаана аймшигт хүчирхийлэл, яргалал, дарамтан дунд амьдарч буй олон гэр бүл, хүүхдүүд манай нийгэмд байсаар байгаа.

Уг нь манай улс НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1991 онд гишүүнээр элсэж /18 нас хүрээгүй хүн/ буюу хүүхдийн эрхийг хамгаалах асар том үүргийг хүлээгээд хэдийн 20 гаруй жил өнгөрчээ.

Харамсалтай нь энэхүү үүрэг, зорилгообиелүүлэх сэтгэл, чадал дутсан уу өнөөдрийг хүртэл нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөг буурахгүй байсаар л байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, яргалал үйлдсэн томчууд хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулан бие сэтгэлийн дарамт учруулж, түүнээсээ өөрийгөө чадалтай, том хүн гэдгийг мэдрэхийг хүсдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Харамсалтай нь өнөөх дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирах нь элбэг. Ёстой л нөгөө хүчирхийллээс хүчирхийлэгч төрнө гэдэг нь энэ.

Эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай, болдог бөгөөд нийгэмшиж олны дунд амьдрахад ч төвөгтэй болдог аж.

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тэднийг нийгэмд хөл алдахгүй түшиж явахад туслах зорилготой олон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл одоог хүртэл ихээр үйлдэгдсээр байгаа юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл сүүлийн үед хэр их гарч байгааг тодруулахаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдсэн аймшигт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн ямар сэдлээр үйлдэгдээд байна вэ?

-Манай улсын хувьд хүүхдийн эсрэг үйлдэгдээд байгаа гэмт хэрэг хүчирхийллийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд болон гэр бүлийн гишүүдийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн маргаанаас болоод хүүхэд хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохироод байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл 90 хувь нь байдаг.

Гэр орондоо үргэлжийн хэрүүл маргаантай байдаг айлын хүүхдүүд л хамгийн ихээр хүчирхийлэл сэтгэл санааны дарамтад ордог гэхэд болно. Үүнээсээ болоод буруу замаар орох, бусдад уруу татагдах, цаашлаад гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох гээд олон муу үр дагаварт хүрч болдог.

Эцэг эх нь огт хайхардаггүй, олон хоногоор хараа хяналтгүй хоолтой хоолгүй хаяад явчихдаг хатуу сэтгэлтэй эцэг эхчүүд ч их байдаг. Үүнээс болоод хүүхдүүд тэнэмэл амьдралд орох, гэмт хэрэгт орооцолдох, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд ч багагүй байгаа.

Хамгийн гол нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагаас шалтгаалаад хүүхэд ямар хүн болж төлөвших нь мэдэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна хүүхэд сургууль дээрээ хүчирхийлэлд өртөх тохиолдол гардаг. Санаатай болон санамсаргүйгээр хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх, зодож танхайрах явдлууд багагүй гардаг.

Үүнээс гадна багш сурган хүмүүжүүлэгчид нь хүртэл сурагчиддаа бие сэтгэлийн дарамт учруулах, буруу аргаар шийтгэх явдлууд гарсаар байгаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хүүхдийн эрх гэж юу юм бэ гэдгийг л мэдэхгүйгээс үүдэлтэй хэт туйлшрал юм.

-Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг танай байгууллага болоод бусад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс багагүй хийдэг. Гэтэл нийгэмд буй энэ гаж үзэгдэл буурахгүй байсаар байна шүү дээ. Ер нь цаашид яах ёстой юм бэ?

-Ер нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хамгийн их байгаа гэр бүлтэй ажиллах шаардлагатай. Хамгийн эхэнд эцэг эх хүүхэдтэй хэрхэн харьцаж ямар нөлөө үзүүлж болох талаараа бодож байх хэрэгтэй. Өмнө нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Хүүхэд хөгжлийн хэлтэс гэж байсан.

Энэхүү хэлтэс нь хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд нь тусалж хүүхдийн хөгжилд анхаарал тавьдаг энэхүү хэлтсийг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгож өөрчилсөн байгаа. Тэгэхээр гэр бүлд нь бас анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа хэрэг.

Дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирах нь элбэг.

Гэр бүлтэй нь ажиллаж байж, гэр бүлд нь хүүхэд өсгөхийн тулд ямар байх шаардлагатай вэ гэдэг зөвлөгөөг өгч байж энэ асуудал нааштайгаар өөрчлөгдөх юм. Нөгөө талаас хууль эрх зүйн шинэчлэл бас шаардлагатай байгаа.

Ингэхийн тулд мэдээж хүн хүч төсөв мөнгөнөөс авахуулаад зардал багагүй гардаг. Цаашдаа иймэрхүү гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулахын тулд хүн хүч төсөв мөнгөний хүрэлцээ хангамжаас авхуулаад багагүй зардал гарч байгаа.

Энэ асуудлаар бид хүн ам нийгмийн хамгааллын яамтай харилцан санал бодлоо солилцож хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах , тухай хууль гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгаж оруулсан байгаа. Хуулиа энэ ондоо багтааж УИХ-д өргөн бариад батлуулчих санаатай ажиллаж байна.

-Хэдхэн сарын өмнө төрсөн эцэгтээ заазуурдуулж амиа алдах дөхсөн хүүгийн талаарх мэдээлэл            олон нийтийг цочроосон. Иймэрхүү хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусгайлан анхаарал хандуулж ажилладаг уу. Ер нь ямар үр дүн гардаг вэ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Тиймэрхүү хүүхдүүдэд тусгайлан анхаарал хандуулж сэтгэл зүйн эмчилгээ асаргаа сувилгаа хийхээс гадна дээр хэлсэнчлэн гэр бүлтэй нь тулж ажилладаг. Ер нь иймэрхүү зовлон туулсан айж цочирдсон хүүхдүүдтэй нэлээд удаан тулж ажиллах шаардлагатай болдог.

Зургаан сараас дээш жил гаруй хугацаанд хүртэл сэтгэлзүйн эмчилгээ хийж тулж ажиллах тохиолдол ч бий. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийг одоо л харж хамгаалахгүй, анхаарал хандуулж байхгүй бол том болоод өөрсдийн болон бусдын хүүхдийг хүчирхийлэн дарамтлах хандлага ажиглагддаг.

Хараа хяналтгүй 1000 гаруй хүүхдийг асран хамгаалах 36 газарт аваачиж өсгөж байгаа.

Манайд удаан хугацаанд тулж ажиллаад ч дийлэхгүй байгаа хэд хэдэн хүүхэд байдаг. Тэглээ гээд энэ хүүхдүүдийг энэ чигт нь хаячихаж болохгүй болохоор удаан хугацаа зарцуулсан ч хамаагүй заавал анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.

Ер нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хамгийн оновчтой арга нь урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны ажлыг хийж хүчирхийллийн хор уршгийг нийгэмд таниулах нь л хамгийн оновчтой арга юм.

Гэр бүлийн хүчирхийллээс гадна асрамжийн газар халамжийн төвүүдэд амьдардаг хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртөх тохиолдол багагүй гардаг. Өнөөдрийн байдлаар манай улсад эцэг эх, асран хамгаалагчгүй тэнэмэл байдлаар амьдарч байсан 1000 гаруй хүүхдийг асран хамгаалах 36 газарт аваачиж өсгөж байгаа.

Эдгээр хүүхдүүд дунд хүчирхийлэл дарамтаас болж тэнэмэл амьдралд орсон олон хүүхэд байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэмд алдаж гишгүүлэхгүйн тулд багагүй ажлыг хийх шаардлагатай байгаа.

Манай байгууллага хүчирхийлэлд өртөж эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа олон хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байна. үүнд олон шалтгаан нөхцөл ч нөлөөлж байгаа. Гэхдээ цаашдаа туслалцаа хэрэгтэй хүүхэд бүрт хүрч ажиллахын төлөө хийхээр төлөвлөсөн, хийх зүйл ч их байгаа.