Хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө батлахаар төлөвлөжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
2013.07.08

Хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө батлахаар төлөвлөжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

УИХ-ын нэр бүхий 11 гишүүн уг хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсныг өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Байнгын хороо өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр төслийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Дашдорж, Л.Болд нар түймрийн аюултай үед иргэн, хуулийн этгээдээс хориглох үйлдлийг тусгасан хэдий ч хүлээлгэх хариуцлагыг орхигдуулсан, захиргааны ямар хэлбэрийн хариуцлага оногдуулахыг тодорхой болгох,

УИХ-ын нэгдсэн чуулганаар

Түүнчлэн ойн тооллого, ойн зохион байгуулалттай холбоотой нэр томъёог жигдлэх, гишүүн А.Бакей, Г.Баярсайхан нар өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллын асуудлыг бие даасан шинэ хэсэг болгон найруулж, уг журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тусгах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн гишүүн Л.Энх-Амгалан түлшний модны эрхийн бичгийг сумын эрх бүхий албан тушаалтан олгодог хүнд суртлыг арилгах үүднээс байгаль хамгаалагчид энэ эрхийг олгох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

 Уг хуулийн төслийг энэ долоо хоногт хаврын чуулган завсарлахаас өмнө батлахаар төлөвлөжээ.