М.Сономпил сайд сандруу явна
УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Яамны Сайд
2013.05.16

М.Сономпил сайд сандруу явна

Эрчим хүчний сайд М.Сономпил ихээхэн гүйж амьсгаа өндөртэй явах болжээ. Учир нь шинэчлэлийн Засгийн газрын яамдаас түүний хариуцсан салбар л өнөөдөр хамгийн хүндхэн байдалтай байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг өдрийн эрчим хүчний нийт хэрэглээ 571 мянган киловатт болсон ажээ. Өвлийн оргил ачааллын үе буюу 12, нэгдүгээр саруудад энэ хэрэглээ огцом буюу гурав дахин өсч 1.5 сая киловатт болдог байна. Энэ өвлийн тухайд асар их алдагдалд орж болзошгүй болоод байгаа сурагтай. Иргэдийг тог, цахилгаан дулаанаар таслахгүйн тулд эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Хамгийн гол нь энэ салбарт хөрөнгө оруулалт ихээхэн дутагдалтай байгаа ажээ.

Эрчим хүчнийхээ 91.4 хувийг дулааны станцаар, 7.6 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор, 1.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр авдаг.

Монгол Улс эрчим хүчнийхээ 91.4 хувийг дулааны станцаар, 7.6 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор, 1.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэлдүүлж байгаа гэнэ.

Иргэдийн нуруун дээр цахилгааны үнийн дарамт үүсгэхгүй гэсэн зорилтыг М.Сономпил сайд барьж байгаа учир ОХУ-аас 106 төгрөгөөр авч байгаа нэг киловатт цахилгааныг айл өрхөд 80 төгрөгөөр, албан газруудад 100 төгрөгөөр борлуулж байгаа нь алдагдал үүсэх томоохон шалтгаан болж байгаа ажээ.

Мөн өмнөд хөршөөс нэг киловаттыг нь 165 төгрөгөөр авч байгаа цахилгаанаа иймэрхүү байдлаар ашиглаж байгаагаас алдагдалд орж улсаас 39.8 тэрбум төгрөгийн татаас авч, жилдээ 56 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа учир ойрдоо М.Сономпил сайд их л цухалдуу явах болжээ.

Саяхны Засгийн газрын хуралдаан дээр Эрчим хүчний салбарыг бүхэлд нь шинэчлэхийн тулд 10 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа тухай ярьж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нүдийг орой дээр нь гаргажээ.

Гэхдээ л М.Сономпил сайд бууж өгөхийг хүссэнгүй ойрын хоёр жилд 3-4 тэрбум ам.долларын санхүүжилт зайлшгүй авна гэдэг байр суурин дээрээ бат зогсож хэрэв нэн яаралтай технологийн шинэчлэл хийгүй бол энэ өвөл ч гэсэн Улаанбаатар хот хөлдөж болзошгүй байгааг хатуухан сануулжээ.

Ерөнхий сайдынх нь байдал ч тийм сайн биш байгааг ойлгосон Эрчим хүчний сайд М.Сономпил гадны хөрөнгө оруулагчдыг монголын эрчим хүчний салбар руу анхаарал хандуулахын тулд салбарынхаа гайгүй гэсэн мэргэжилтнүүдийг БНСУ, Япон, Герман, Турк гээд арай жаахан найдвартай санагдсан газрууд руу яаравчлан мордуулсан сурагтай. Энэ өвөл ч янз нь ширүүхэн болох нь дээ.