Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэв
УБ хот Төрийн ордон
2013.01.10

Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэв

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Тогмидын Хадхүүгийн нэрийг Засгийн газраас дэвшүүлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Нэр дэвшигч нь улсад 23 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна.  Тодруулбал, 1956 онд Улаанбаатар хотод төрсөн Т.Хадхүү 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны 12 сараас 2012 оны 12 сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр тус тус ажилласан байна.