“100.000 айлын орон сууц” хөтөлбөрийн талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.
2012.12.06

“100.000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар зээл хүссэн өргөдлөө 4088 хүн гаргажээ

Тухайн үеийн Засгийн газрын амласан ёсоор бол “Хөгжлийн банк”-наас уг хөтөлбөрт зориулан 250 тэрбум төгрөгийн бонд гарах ёстой байсан. Гэтэл зөвхөн 50 тэрбум төгрөгийн гаргах шийдвэр гарчээ. Зөвхөн “Төрийн банк”-аар дамжсан 50 тэрбумийг зургаадугаар сарын 15,  наймдугаар сарын 24, аравдугаар сарын 16, арваннэгдүгээр сарын 16-нд оруулснаар дуусгавар болжээ.

“100.000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар зээл хүссэн өргөдлөө 4088 хүн гаргажээ. Үүнээс хөтөлбөрийн шаардлага ёсоор сонгосон орон сууц нь 50 ам.метр квадратаас доош гэсэн шалгуурыг хангасан 3967 хүний хүсэлтийг ОССК-аас “Төрийн банк”-инд хүргүүлжээ.

705 иргэний 195 иргэн хөдөө орон нутагт орон сууц сонгож 5,8 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа.

Энэхүү өргөдлөөс арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар 1081 иргэнд 47.3 тэрбум төгрөгийг зээл олгохоор шийдвэрлэжээ. 970 иргэний материалыг дахин судлах шаардлагатай буюу татгалзсан байна. Зээлийн шаардлага хангасан хүмүүсээс 705 иргэний зээлийн хүсэлт эх үүсвэр хүрэлцээгүй улмаас хүлээгдэж байгаа тул эхний ээлжинд энэхүү асуудлыг шийдвэрлэх болсон талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.

Тэрээр “Барилгын компаниудтайгаа гэрээ хийж 10-аас илүү хувийн урьдчилгаа төлчихсөн, зээлийн шаардлага хангасан 705  иргэн байгаа. Дээрх иргэдийн хувьд хашаа байшингаа зарчихсан, түрээсийн байранд амьдарч байгаа, өр зээл тавьчихсан гээд янз бүрийн хүмүүс байна. Барилгын компаниуд урьдчилгаа мөнгийг нь буцааж олгохдоо шимтгэл авна энэ тэр гэсэн асуудал гараад байгаа.

Ийм учраас зээлийн шаардлага хангасан атлаа эх үүсвэр хүрээгүй 705 хүн шаардагдах 30 тэрбум төгрөгийг Засгийн газрын ирэх бямба гаригийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ.

Улаанбаатар орон сууц сонгосон 510 иргэн 24,2 тэрбум төгрөг гээд нийтдээ 30 тэрбум шаардлагатай” хэмээн ярилаа. Харин банкинд бичиг баримтаа өгчихөөд зээлээ хүлээж буй иргэдийн хувьд хүндхэн байх нь ойлгомжтой.

Энэ талаар Ц.Баярсайхан сайд “Сонгуулийн өмнө энэхүү хөтөлбөрийг ямар ч тооцоо үндэслэл хийхгүйгээр зарлачихсан. “Хөгжлийн банк”-ны зээлийн хүүг 5,75 хувийн хүүтэйгээр таван жилийн дараа төлж эхлэх ёстой. Гэтэл “100.000 айлын орон сууц” хөтөлбөр жилийн зургаан хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай хэрэгжихээр байгаа. Энэ хоёрын зөрүүг хэрхэн талаар өмнөх Засгийн газар юу ч бодохгүй амалснаас өнөөдөр олон хүн хохироод байна” гэв.

Хөтөлбөрийн жагсаалтанд орсон орон сууцны 50 хувь нь баригдаж эхлээгүй

Өмнөх Засгийн газраас 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг зарлахдаа компаниудын нэрсийг орон сууцны тоотой хамт зарласан нь иргэдийг хуйлруулсан.

Гэтэл бодит байдал дээрээ 50 хувиас илүүтэй нь баригдаж эхлээгүйг албаныхан хэллээ.

Хөтөлбөрт бичигдсэн жагсаалт ёсоор нийт 128 мянган орон сууцнаас 61.123 орон сууцны барилга угсралтын ажлаа огт эхлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хөтөлбөрт нэрийн дурдаад оруулчихснаас биш 50 хувь нь огт барилгын ажлаа эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Барилга угсралтын ажил нь 50 хувьдаа хүрээгүй 19.743 орон сууц буюу 20,4 хувь. Барилгын ажил нь 50-85 хувьтай яваа нь 8156 орон сууц, 85 хувиас дээш 8715 орон сууц байгаа аж. Үүнээс харахад 50 хувиас дээш гүйцэтгэлтэй нь 17 хувь буюу 16 мянган орон сууц зах зээлд байна. Үүнээс 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн 50 ам.метр квадрат шалгууртаа хүрч байгаа нь 5600 орон сууц. Үлдсэн нь квадрат томтой, бусад худалдан авагч нарт зориулагджээ. Өмнөх Засгийн газрын тооцоолоогүй 100 мянган айлын орон сууц ийм байдалтай байгаа аж.

Гарын үсэг, хоногийн тоог багасгав

Манай улсад өнөөдрийг хүртэл барилгын үйл ажиллагаа эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагууд өгч ирсэн. Энэ тогтолцоо 2003 оноос эхлээд Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтарсан тушаал шийдвэрээр явж ирсэн.  Үүнийг Барилга хот байгуулалтын яамнаас өөрчлөхөөр болжээ. Ц.Баярсайхан сайд энэ талаар “Нийт барилгыг бид гурав ангилж үзнэ. Нэгдүгээр ангиллын барилгад Дулаан цахилгаан станцын томоохон эх үүсвэрийн барилгууд, 17 давхраас дээш барилгууд, стадион, төмөр замын буудал гэх мэт олон хүнийг хамарсан байгууламж багтана. Хоёрдугаар ангиллын барилгад 16 давхар хүртэлх бүх төрлийн барилга, түгээх шугам, цахилгаан хангамжийн салбар шугамууд, инженерийн зарим барилга, үтрэм, зоорь агуулах байх юм.

Гуравдугаар ангилалд иргэдийн хувийн орон сууц, их засвар, урсгал засвар хийгдэх байгууламжууд багтана. Хуучин барилгын үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл авахад 100 гаруй гарын үсэг цуглуулж, 200 гаруй хоног зарцуулдаг байсан. Харин үүнийг өөрчлөөд 80 гаруй гарын үсэгтэй болгож, 120 хоногт багтаадаг болгосон. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар ангиллын барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэл, аймгийн түвшинд “Нэг цонх”-ны үйлчилгээгээр 30-35 өдөрт багтаан шийдвэрлэгдэх юм” хэмээн ярилаа.