2008.09.28

Г.Баярсайхан: Намайг бүүр доромжилж эхэлдэг байгаа

-Тун удахгүй орон нутгийн сонгууль болох гээд нэр дэвшигчид ёстой л бужигнаж байна. Гурван сарын өмнө та ч бас иймэрхүү л янзтай байсан байх. Ер нь сонгуульд хэр бэлтгэлтэй  хандсан  бэ?

-Тийм ээ, орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас дутуугүй, хэтрүүлж хэлбэл илүү өндөр ач холбогдолтой зүйл гэж ойлгодог. Орон нутгийн өөрийгөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хариуцлага оногдож байгаа учраас тэр л дээ. Миний хувьд сонгууль болдгоороо л болсон. Мэдээж хэрэг улстөрд оролцож явсныхаа хувиар өөрийгөө төр түшилцэх хэмжээнд бүрэн бэлтгэгдсэн гэж үзээд сонгуульд өрсөлдсөн. Түүнээс биш олимпт оролцох гэж байгаа тамирчин биш, бэлтгэл хангах энэ тэр асуудалд онцгойлон ач холбогдол өгөөгүй. Өөрөөр хэлбэл байнгын бэлтгэлтэй байж гэмээнэ л сонгуульд ялалт байгуулна шүү дээ.

-Ний нуугүй хэлэхэд таныг сонгуульд ялалт байгуулахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байсан. Учир нь таныг хэн ч ганьдаггүй байсан шүү тиймээс сонгуульд ялалт байгуулсан нууцаасаа дэлгээч?

-Шулуухан хэлэхэд ямар ч нууц байхгүй. Сонгуульд ялалт байгуулсан нууцтай хүмүүс гэвэл луйвардсан хүмүүстйг хэлэх байх. Миний сонгуульд өрсөлдсөн тактик олонд ил тод байсан. Намайг нэг их олон хүн таньдаггүй байсантай санал нэг байна. Гэсэн ч би экологи-гийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, тэр ч утгаараа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар асуудал босгон тавьсан нь энэ төрд үгүйлэгдсэн зүйлийн нэг байсан. Тийм ч учраас "Би Монголын улс төрд мод тарина" гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Дөрвөн уулаа дархан цаазтай болгох асуудлыг сөхөн тавихын зэрэгцээ хэнээс ч эмээлгүйгээр дарга, даамлуудын очихоос халшрам захын алслагдсан хорооллуудад очиж, сонгогчдын санал бодлыг сонсож байсан нь миний давуу тал байсан болов уу. Тэгээд ч би өмнө нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж, элдэв бусармаг зүйлтэй хутгалдаагүй нь амжилт үзүүлэхэд нөлөөлсөн байх талтай. Эцсийн эцэст сонгогчид л хэнийг сонгох, хэнийг унагахаа шийддэг учраас нууц хайгаад байгаа бол тэднээс асуух нь дээр биз ээ.

-Таныг сонгуулиар их хэмжээний мөнгө хаясан гэж ярьдаг юм билээ. Ер нь аавынхаа барилгын компанийн мөнгөөр гарч ирсэн, АУИС-ийг төгсөөгүй, хуурамч диплом өвөртөлсөн зэрэг асуултууд таныг ороож байсан. Энэ бүгдэд нэг мөр хариулт өгөөч?

-УИХ-ын гишүүн болно гэдэг зарим хүмүүсийн хувьд амь, амьдрал нь болчихсон юм байна гэдгийг сонгуульд өрсөлдөж байх хугацаандаа ойлгосон. Харин би арай л өөр үзэл бодолтойгоор, арай л өөр зорилготойгоор энэ сонгуульд өрсөлдсөн. Гэтэл намайг бүр эхнээс нь доромжилж эхэлдэг байгаа. Анх аравдугаар анги төгсөөгүй, дунд хавьд нь дээд сургууль төгсөөгүй, магистр биш, адаг сүүлд нь доктор биш, за тэгээд энэ хүнийг Баярсайхан гэдэггүй, харь гаригаас тэнэж ирсэн этгээд гэх нь халаг инээд ч хүрмээр уур ч хүрмээр зүйлээр гутаан доромжилж байсан. Тэр ч бүү хэл сонгуулийн өдөр зурагтаар Баярсайханы нэрийг татсан гэдэг мессэж хүртэл хаяж байлаа. Сонгуулийн дараа ч гэсэн доромжлол үргэлжилсэн. Саяхнаас л намжиж байна даа.

-Та тэгээд тухай бүрт нь няцаалт хийхийг хүсээгүй  юм уу?

-Үгүй. Хэрэлдвэл энэ улс орны төлөө, байгаль ээжийнхээ төлөө хэрэлдэж, бүр зодолдсон ч яадаг юм гэж боддог. Энэ дашрамд хэлэхэд өрсөлдөгчдийн маань доромжлол намайг ухаажуулж, хат суулган, хэр баргийн юманд давхийгээд байдаггүй болгож хүмүүжүүлсэн зэрэг эерэг ач холбогдол ч бас бий. Аав маань 70 шүргэж яваа эрдэмтэн хүн. Юуных нь бизнес эрхлэх вэ дээ. Намайг эрдэм номд сургаж, өдий зэрэгт хүргэсэн нь аавын маань буян. Тэр ч утгаараа хуулийн хүрээнд бизнес эрхлэн, хүнээс гуйж, төрөөс хулгайлах шаардлагагүй болж, эдийн засгийн хувьд хөл дээрээ зогссон. Тэр мөнгөнөөсөө л сонгуульд тодорхой хэмжээгээр зарсан. Бусдаас ихдүүлээгүй, бас дутуудуулаагүй гэж боддог.

-Таныг "Доктороо" гэж хүмүүс дуудахыг сонссон юм байна. Яагаад  экологийн чиглэлийг сонирхох болов бэ?

-Миний өссөн ахуй намайг эрдэм ном руу чангаасан. Аав минь Монголын анхны хөрс судлалын эрдэмтэн доктор, академич хүн шүү дээ. Хэрэв аав жолооч байсан бол би техникт татагдах байсан биз. Айлын ганц хүү болоод ч тэр үү хар нялхаараа шахам аавыгаа дагаж зуны амралтаараа хөдөөгүүр их тэнэдэг байлаа. Аав ажлаа хийж яваа нь тэр. Зөвлөлтийн нэртэй эрдэмтэд ч гэсэн аавын багт хамт явдаг байсан. Тэр сайхан эрдэмтдийн үг яриа, үйл хөдлөл, зан төрх, байгаль дэлхийгээ өөрөөсөө ч илүү хайрлаж байгаа байдал нь намайг энэ салбар руу өөрийн эрхгүй татсан юм. Тиймдээ ч би сургуулиа төгсөөд экологийн чиглэлээр эрдмийн ажил хийхээр шийдсэн. Миний докторын ажлын удирдагч нь Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай юм шүү дээ.

-Тэгэхээр хоёулаа эргээд сонгуулийн үйл явцаас яръя. Та намынхаа дарга асан Ц.Элбэгдоржтой нэг тойрогт нэр дэвшсэн. Харин сонгуулийн дараа Ц.Элбэгдорж гишүүн "Сонгууль луйвартай болсон" гэж олон нийтэд мэдээлсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байсан бэ?

-Сонгууль будлиантай болсон уу гэвэл будлиантай л болсон шүү дээ. Өнөөдөр хүртэл энэ будлиан арилаагүй явна. Өгсөн саналаа луйвардуулснаа мэдсэн ард түмэн долдугаар сарын нэгэнд эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ бол товчхон бөгөөд ойлгомжтой хариулт.

-25 дугаар тойргийн асуудал шийдэгдээгүй байхад СЕХ огцрох шийдвэрээ гаргасан. Үүнд АН-ын гишүүд их бухимдалтай байгаа. Магадгүй СЕХ-г нэг намын нөлөөлөлд байна гэж хардсанаас ийнхүү бухимдсан байх?

-УИХ 76 гишүүнтэй гээд хуульд заачихсан. Баянгол дүүргийн тухайд дөрвөн нэр дэвшигч нь түр үнэмлэхээ авсан байсан. Үүн дээр СЕХ маш ойлгомжгүй байр сууринаас хандсан. Яг адилхан байдалд орчхоод байсан.
Дорнодын асуудлыг шийдчихсэн мөртлөө Баянголыг гацаачхаад байгаа нь СЕХ нэг намын байр суурь, эрх ашгийн үүднээс хандсан болох нь ойлгомжтой. Энэ ч утгаараа уг асуудлыг орхиод огцорч байна. Огцрохдоо хүртэл хөмхийгөө зууж байгаа нь нийгмийн ялзралыг ил тодоор харууллаа. Үнэхээр ч тэд ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Харин Баянголчуудын сонголтыг хүндэтгэн үзэж, шинээр эмхлэгдэх СЕХ түр үнэмлэхээ аваад ч болов сонгогдсон гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина гэдэгт итгэж байна.

-Итгэл найдварын гэгдээд байгаа хамтарсан Засгийн газрын "галт тэрэг" хэдийнэ хөдөлчихлөө. Гэсэн ч хамтарсан  Засгийн газар байгуулах С.Баярын сайдын санал санаачилгыг та хувьдаа хэрхэн хүлээж авсан бэ. Үүнээс болж АН-ын ҮЗХ-ны хурал ширүүн болж, гишүүд нь хагаралдахад хүрсэн?

-Үнэхээр хамтраад хийж бүтээж чадвал эвсэж нэгдэхэд юуны буруу байх вэ. Харин хариуцлагаас зайлсхийж, бодлогогүй амлалтаа хэрэгжүүлж чадахгүйгээ мэдрээд энэ саналыг тавьсан бол би эсэргүүцнэ. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн учраас шахаж ажиллуулахаас өөр арга алга. Дарга болох дуртай нь хадаг барин гүйж байхад зарим нь төв байр сууринаас хандаж, хэсэг нь эсэргүүцэж байгаа нь угтаа ардчилал юм. МАХН-аас ч хамтарсан Засгийн газар байгуулахад дургүй хүмүүс олон байгаа. Тэд бидэн шиг асуудлаа ил тод, бүр чангаар хашгичин ярилцаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр ялгаа их байгаа биз.

-Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчингүй болчихлоо. Учир нь хоёр намын бүхий л бүлэглэл, фракцуудад албан тушаалын бялуу оногдсон шүү дээ?

-Парламентын утга учир сөрөг хүчинтэй байж, олонхоороо шийддэгт оршдог. Сөрөг хүчингүйгээр бүх ажил сайхан бүтнэ гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Манай нам дотор гүйцэтгэх засаглалд хяналт тавьж чадах бүлэг бий болчхоод байгаа. Хэрвээ хамтраад Засгийн газраа байгуулаад найрлаж болдог бол хамтраад хяналт тавьж яагаад болохгүй гэж. МАХН-ын бүлэг дотор ч гэсэн эвслийн Засгийн газрын эсрэг байр суурьтай олон гишүүд байгаа. Тэд зориглож, бидэн дээр хүч нэмж чадах юм бол сөрөг хүчин бий болж чадна. Би угаасаа хүчирхийлэлд дургүй. Тийм болохоор зөв зүйтэй санал санаачлагуудыг гарган тавьж, болохгүй бүтэхгүй зүйлийг нь ил тодоор уудлан харуулбал сөрөг хүчинд хүн цөөдөхгүй гэж боддог.

-С.Баярын Засгийн газрыг хэр чадварлаг хүмүүсээс бүрдсэн гэж үзэж байна вэ. Түүний тэргүүлсэн Засгийн газар хэр дорвитой ажиллаж чадах бол?

-Энэ Засгийн газарт дандаа бирдүүд орчихсон гэвэл өрөөсгөл ойлголт. Ёстой хүний дээдээс бүрдсэн гэвэл бүр худлаа. Гайгүй хүмүүс мэр сэр байгаа учраас бүхнийг дандаа хараар будах нь утгагүй хэрэг. УИХ хүчтэй хяналт тавьж чадвал бага сага ажил амжуулна. Тиймээс бид сөрөг хүчний орон зайг нөхөж ажиллахыг хүсэж байна. Энэ тохиолдолд л Засгийн газраас чихэнд чимэгтэй зүйл сонсогдож магадгүй.

-Амны билгээс ашдын билэг гэдэг ч хэрвээ хамтарсан Засгийн газар уналтад орвол тодорхой хүмүүст хариуцлага тооцох ёстой юу. Та юу гэж бодож байна?

-Төр засгийн ажлыг унагаахгүй байхыг хаа хаанаа л анхаарах ёстой. Хэрвээ ажил нь унаад явахгүй боллоо гэвэл хариуцлага тооцолгүй яах вэ. Гэхдээ Монголд эрх баригчдад хариуцлага тооцдог ямар ч механизм байдаггүй. Ердөө л огцруулснаар асуудлыг шийддэг нь шударга бус явдал. Сайд, дарга болно гэж зүтгэж байгаад ажил унаган гэдсээ цэрийтэл идсэн луйварчдыг огцруулаад өнгөрөөнө гэдэг нь шагнасантай адил зүйл. Хариуцлагыг тооцсон шиг тооцдог байх хэрэгтэй.

-Мэдээж та залуу шинэ гишүүн гэдгээрээ хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн яваа. Энэ зорилгоо ажил хэрэг болгоход тань хамтарсан Засгийн газар гол үүрэг гүйцэтгэх байх?

-Мэдээж хэрэг би хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож aжиллаж байгаагийнхаа хувиар бодож, төлөвлөсөн юм байлгүй яах вэ. УИХ-ын гишүүн гэдгээрээ гүйцэтгэх засаглалд хүчтэй хяналт тавьж ажиллахыг хүсэж байна. Ингэхлээр Засгийн газартай өөрийн эрхгүй уялдаж байгаа юм. Ганцхан миний хүсэл эрмэлзэл ч биш, нийт ард түмэн аль ч Засгийн газрыг сайн ажиллаасай гэж хүсдэг.

-Сониноос Ардчилсан намаас сонгогдсон залуу гишүүд үзэл бодол, улстөрийн  байр сууриа нэгтгэн фракц болж байгаа гэдэг үнэн үү? Ямар зорилгоор ийм шийдэлд хүрэх болов?

-Төрийн хямрал нийгмийн  ялзралыг  зоригтой өөрчилж чадах хүчин бол  залуус гэж би ойлгодог. Тэр ч утгаараа намаа шинэчилж, улмаар төрдөө санал бодлоо хүргэх үүднээс залуучууд  нэгдэж болно, УИХ дандаа ялзарсан этгээдүүдээр дүүрээгүй. Эдэн дунд өндөр боловсролтой,  хийж бүтээх   эрмэлзэлтэй, шударга хүмүүс олон бий. Бид улстөрд бугш-сан идээ бээрийг шахаж, эрүүл, залуу, эрч хүчийг л оруулах гэсэн юм,

-Энэ мэтээр улстөрийн хүрээ үйл явдлаар үргэлж дүүрэн байдаг. Ард түмэн улстөрөөр амьсгалж бас улс төрөөс залхаж байна. Улстөрийн халуун тогоонд ороогүй үедээ та энэ парламентынханы талаар юу бодож явав даа?

-Ард түмэн улс төрөөс залхаж байгаатай санал нэг байна. Үнэндээ эрх баригчдад ард түмэн иь хуваагдмал байвал ашигтай юм шиг байна лээ. Үнэхээр Монголын парламент сайн сайхан, шударга шийдвэрүүд гаргаж, төгс төгөлдөр хууль боловсруулан түүнээ өөрсдөөсөө эхлээд хэрэгжүүлж чаддаг бэйсан би сонгуульд өрсөлдөхгүй байсан. Тийм ч учраас би Монголын улс төрд "мод тарих"-ыг хүссэн. Миний хүсэл гэвэл чуулганы танхимаас хүчилтөрөгч ялгардаг болгож, саарал ордон дахь мөстлөгийг хайлуулах явдал юм.

-Харин одоо та улс төрчдийн нэг болчихлоо. Юу бодогдож байна?

-Өөрчилмөөр, хиймээр зүйлүүд маш их байна. Заримдаа үнэхээр их бухимдал төрөх юм. Хий бухимдаад байвал бүтэх ажил гэж хаа байх вэ. Ямар сайндаа л залуу  гишүүдтэйгээ нэгдэн санал   бодлоо солилцож, өөрчлөлтийг эхлүүлэхийг хүсэж байна. Энэ парламент дандаа болохгүй, бүтэхгүй хүмүүсээр дүүрчхээгүйн. Мэдлэг боловсролтой, зөв шударга хэнтэй ч бид нэгдэн ажиллаж болно. Тэгвэл цэнгэлийн манлайд хүрч болохыг мэдэрч байна  / инээв.сур/.

-Улстөртэй нэр холбогдсон хүн сайнаар дуудуулах нь ховор. Хор найруулсан энэ тогооны "хоол"-ны амт ямар байна?

-Буруу зөрүү зүйл хийгээд эрх мэдлээ явцуу хүрээнд ашиглавал сайнаар дуудах нь бүү хэл нулимах нь тодорхой. Энэ тогоотой хоолны амт гашуун байна аа. Давс, хужрыг нь тохируулахын төлөө тэмцэж ажиллана гэдгээ хэлсэн шүү дээ

-Бас улстөрд орсон хүн өөрийн мэдэлгүй хөгширдөг гэдэг. Уг нь та залуу хүн, залуу нас ганцхан олдоно. Айхгүй байна уу?

-Би үүнтэй санал нэгдэхгүй байна. Залуу насаа сайхан өнгөрөөнө гэдэг наргиж, цэнгэхийг хэлдэггүй. Сурсан мэдсэнээ улс орон, ард түмнийхээ төлөө зориулж чадвал утга учир нь үүнд оршино. Тиймээс улс төрд орсноор залуу насаа үрнэ гэдэг үгтэй бүр ч санал нийлэхгүй байна.

-Эцэст нь гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Сайн эхнэр, муухай хүүтэй. Миний улс төрийн ажил амьдралаас гэр бүл маань хол байг гэсэндээ энэ талаар олон юм яримааргүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.