Б.Мөнхсоёл: Улс орнууд электрон тамхийг тас хориглож байгаач бид оновчтой зохицуулалт хийхийн төлөө ажиллаж байна
Сурагчид олны танил хүмүүсийн электрон тамхи сорж байгааг харахаар “күүл харагддаг“ тул хэрэглэж үзсэн гэжээ.
Энэ бол ЭМЯ-ны хүсэлтээр Сингапур Улсын судлаачдын баг гүйцэтгэсэн манай улсын электрон тамхины хэрэглээ, ялангуяа маркетингийн стратеги хүүхэд залууст хэрхэн нөлөөлж буй судалсан судалгааны ажлын нэг дүгнэлт юм.
Мөн тэдгээр сурагчдын дийлэнх нь электрон тамхийг ямар нэг байдлаар хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг, сургууль, гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой, электрон тамхи татах нь цаг үеэ дагасан, загварлаг байдаг учраас хэрэглэдэг гэв.
Нөгөөтэйгүүр уламжлалт тамхи болоод электрон тамхины талаарх бодит мэдээллийг маркетингийн нөлөө сааруулдаг, эргэлзүүлдэг, бүр талцуулдаг тул мэдээллийн бүрхэг байдлаас улбаалж өсвөр үеийнхний дундах электрон тамхины хэрэглээ тахал мэт дэлгэрээд буй тул хуулиар зохицуулах шаардлага үүссэн юм.
2023 онд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь илэрхий.
Электрон тамхи нь хуулийн хүрээнд зохицуулагдаагүй шинэ зүйл. Үүнийг тамхи гэж тооцохгүй байгаа учраас онцгой албан татвар авдаггүй. Гэтэл хор уршиг нь уламжлалт тамхитай зарим талаар ижил боловч, зарим талаар бүр ноцтой үр дагаварт хүргэдэг нь тогтоогдоод буй. Учир нь 1 ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг. Никотин бол тамхи, тэр дундаа электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис юм.
Мөн ДЭМБ-ын зүгээс, Электрон тамхи хэрэглэх нь тамхинаас гарах үр дүнтэй арга зам болдог ойлголт батлагдаагүй. Харин залуу насандаа электрон тамхи хэрэглэх нь цаашид янжуур тамхи хэрэглэх магадлал гурав дахин их байдаг гэдгийг судалгаа баталсан байна. Үүний зэрэгцээ электрон тамхи хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирсон тоо баримтууд өдрөөс өдөрт нэмэгдэж байж. Одоогоор энэ хортой бүтээгдэхүүнийг дэлхийн 34 улсад худалдаалахыг хориглосон хэмээн мэдэгджээ.
Мөн урт хугацаанд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг иж бүрэн судалгаа байхгүй, хорт бодит ялгаруулж хорт хавдар үүсгэдэг, зүрх судас, уушгины өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Өсвөр насныхан татсанаар уураг тархины хөгжил саарч суралцах чадваргүй, жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханов Гебрейюс хэлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны 110 дугаар захирамжаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Х.Жангабыл, Д.Ганмаа нарын гишүүд ажиллаж өнөөдрийн байдлаар мэргэжлийн байгууллагууд, ЕБС-ийн багш, багш, эмч, сэтгэл зүйч нийгмийн ажилтнуудыг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлээд байна.
Хууль боловсруулах явцад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хоёр хоногийн сургалт хийж, янжуур болон электрон тамхины талаарх татварын загварчлалыг гаргаж ярилцсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
Энэ улс орны зүгээс уг хэрэглээг бууруулах бодлогын гол субьект нь татвар бөгөөд татварыг нэмэгдүүлэх замаар уг "тахал"-ын нөлөөллийг багасгаж, хүн амын, нэн ялангуяа өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Заримдаа хүмүүс янжуур тамхи, электрон тамхины аль нь эрүүл мэндэд илүү хөнөөлтэй талаар асуудаг. Хоёулаа шүү, харьцуулшгүй. Олон улсууд э-тамхийг бүр тас хориглож байна. Бид ядаж үр хүүхдүүдээ хамгаалж зохицуулалт хийх ёстой юм. Томчууд үүнийг хүсэхгүй бол хүүхдүүддээ хайргүй эсвэл бусдын хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрлахгүй байна гэсэн л үг болно" гэв.
Манай улсад импортын дийлэнх электрон тамхи нь БНХАУ болон Хонконгоос орж ирдэг.
Гэтэл Хонконг нь хуулиараа электрон тамхийг хориглосон бол БНХАУ-д 2022 оноос эхлэн электрон тамхины үнэр, амтыг хориглосон байдаг.
ДЭМБ-аас хүүхэд, өсвөр насныхны электрон тамхинд татагдах байдлыг бууруулахын тулд амт, үнэрхийг хориглохыг зөвлөдөг.
Боловсруулагдаж буй хуулийн төслийн үзэл баримтлал:
- Электрон тамхийг хуульчлах, янжуур болон электрон тамхины амт, үнэрийг хориглох
- Тамхийг ил байршуулж худалдахыг хориглох
- Татварыг үе шаттай нэмэгдүүлэх
- Онцгой албан татварын тодорхой хувийг тамхинаас урьдчилан сэргийлэх, тамхины хор нөлөөг бууруулахад зарцуулах
Электрон тамхины хэрэглээг хууль тогтоомжоор зохицуулсан 100 гаруй улс байдаг. Сингапур, Энэтхэг, Бразил, Камбож тэргүүтэй 30 гаруй улсад хуулиар хориглосон. Харин БНХАУ, Япон, Франц, Герман, Автсрали зэрэг улсад амт, үнэрийг хязгаарласан байдаг аж.
Онцгой албан татварт цугларсан төсвөөр
- Хүүхэд, залуучуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөр, эрүүл мэндийн боловсрол, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
- Тамхинаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тамхинаас үүдэлтэй хорт хавдрын эмчилгээ
- Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх зориулалттай нийтийн спортын байгууламж шинээр барих, өргөтгөх, засварлах, спортын дугуйлангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх хөтөлбөр зэргийг хийхээр төлөвлөжээ.
Хуулийн төсөлд тусгасан бусад зохицуулалтууд:
- Тамхины хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгосон.
- Тамхины зурагт анхааруулга нь нүүрэн талын 70-аас багагүй хувийг эзэлсэн байх, гадаад шинж чанараараа бусад эд зүйлстэй андуурагдахгүй байх.
- Задгай тамхийг 200 граммаас багаар савлах, электрон тамхины шингэний хэмжээг 2 мл, цэнэглэгч шингэнийг 10 мл-ээс ирээх савлахыг хориглоно.
- Нийтийн биеийн тамир, спорт, урлагийн арга хэмжээ сонгуульд нэр дэвшигч, улс төрийн намын үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагад хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.
- Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.
- Тамхи импортлох, үйлдвэрлэх, тарих, тусгай зөвшөөрөл болон худалдах зөвшөөрлийн хураамжийг зохистой түвшинд нэмэгдүүлнэ.
- Эмнэлэг, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх газар, гудамж, спортын байгууламжид тамхи татахыг хориглоно.
Хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.

Сэтгүүлч