АНХ УДАА ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
2025.05.21

АНХ УДАА ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

Олон жил яригдсан Казах, Тува хос хэлний хөтөлбөр болон сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулах ажлыг санаачлан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен, С.Замира нарын хамт эрдэмтэн судлаачдыг оролцуулан Боловсролын сайд П.Наранбаяртай анхны уулзалт – хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү санаачилга маань ажил хэрэг болж, Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл анх удаа батлагдлаа.

2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, ТХСБХ-ийн дарга Г.Саранхүү, НТСХ-ийн дарга А.Халиунаа болон бусад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан нар оролцсон уулзалт зохион байгуулж хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг танилцууллаа.

Казах, ува хүүхдэд эх хэлээрээ болон төрийн албан ёсны хэлээр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшиж, сурч хөгжих тогтолцоо бүрдүүлэх “Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл”-ийг боловсруулж баталсан Боловсролын сайд П.Наранбаяр, яамны удирдлага, тус хөтөлбөрийг боловсруулахад санаачилга гарган, үнэтэй хувь нэмэр оруулсан «Бүх нийт боловсролын төлөө» Иргэний нийгмийн үндэсний эвслийн тэргүүн, судлаач Д.Тунгалаг, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн ЭША, судлаач Ж.Зулмира болон бусад эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархсанаа илэрхийлье.