2025.04.25

Д.Ганмаа: Манай улсад жагсаал цуглаан хийх эрх нь энэ хууль хэрэгжсэнээрээ хангагдаж чадах уу!

УИХ-ын чуулганы /2025.04.25/ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Жагсаал, цуглаан хий эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярьж байна. Биеэрээ очоод жагсахаас гадна, сэтгэлээрээ жагсдаг хүмүүс олон байдаг. Гадаадад амьдарч байгаа монголчууд ялангуяа эх орныхоо талаар их сэтгэл санаа нь зовж, видеогоор өдөр, шөнө, цагийн зөрүү үл ялган хардаг. Энэ хуулийн төслийн 7.9-т жагсаал цуглаанд тавих аливаа хязгаарлалт нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцсэн байна гэнэ. Сонсохоор их гоё сонсогдож байна. Гэхдээ үүнийг яг яаж тодорхойлж байна. Хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа эрх бүхий байгууллагууд, хууль сахиулагч нар авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээгээ олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн гэдгээ тухай бүрд нь өөрсдөө мэдрэх боломж байх уу? Хэрэгжилт дээр нь асууж байгаа юм.

Мөн хуулийн төслийн 8.12-нд аяндаа үүссэн жагсаал цуглаан нь зохион байгуулагчтай болсон тохиолдолд тэр даруй эрх бүрийн байгууллагад мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байна.Энэ заалт бодитойгоор хэрэгжих боломж байгаа юу? Хэрвээ энэ тухай огт мэдэгдэхгүйгээр цааш үргэлжлээд явчихвал , үр дагавар нь яг юу байх вэ. Хуулийн13.5-д ЗДТГ-ын дарга жагсаал цуглааныг албадан тараах шийдвэр гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтойгоо хэр нийцэж байгаа вэ.

Ийм эрхийгхэрэгжүүлэх хууль зүйн хувьд, зарчмын хувьд ч гэсэн тохиромжтой юу, боломжтой байдаг уу?  Хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилт дээрээ сайжрах уу? Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шууд дамжуулалт явах гэхээр интернэтийн сүлжээг нь унтраадаг, зориудаар гацаадаг, холбогдох төрийн байгууллагуудаас сүлжээг унагаадаг гэсэн асуудал яригдаад байдаг. Энэ нь яг үнэн, зөв бодитой мэдээлэл үү?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn