МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Болорчулуун: Л.Оюун-Эрдэнэ кабинетаа хэрхэн бүрдүүлснээр хэн гэдэг нь харагдана
2021.01.26
Улстөр

Х.Болорчулуун: Л.Оюун-Эрдэнэ кабинетаа хэрхэн бүрдүүлснээр хэн гэдэг нь харагдана

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэтийн мэдэгдэл хийж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Та Ерөнхий сайдын энэ шийдвэрт хэрхэн хандаж байна вэ?

-Ерөнхий сайд ёс суртахууны алдаа гаргалаа гээд кабинетаараа огцрох нь дэлхий нийтэд түгээмэл ч Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлог. Өмнө нь Засгийн газрыг хүчээр буулгаж байсан болохоос хэзээ ч сайн дураараа огцорч байгаагүй. “Ковид-19” халдварын үед сайн зохион байгуулалт хийж ажиллаж чадсангүй гэж үзэж, кабинетаараа ёс зүйн хариуцлага хүлээж огцорлоо гэж ойлгож байгаа.

-Ерөнхий сайдыг огцрох өөр шалтгаан байсан гэж хардах хүмүүс байна л даа. “Ковид 19” халдварын тархалттай холбоотойгоор Засгийн газраа огцруулсан гэхэд итгэхгүй байна?

-Хэлж мэдэхгүй юм. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, хардаж байгаа байх. Гол нь өөрөө хэлсэн шүү дээ. Улс төр бол багийн тоглолт. Хоёр сайдаа явуулаад өөрөө ард нь үлдэхгүй гэдгээ хэлнэ лээ.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн буруутгасан. “Ковид 19” халдварын тархалттай холбоотойгоор огцорч байгаа бол тэгж хэлэх шаардлага байсан уу?

-Үнд эсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн гар нийлж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө анхаарал хандуулан ажиллаж байсан гэж ойлгодог. Тийм учраас ажлын хариуцлага алдсан сайд, дарга нар, нийгэмд хор хохирол учруулсан албан тушаалтнуудад хуулийн байгууллагууд хариуцлага тооцох нь идэвхжсэн. Гэм буруутай төрийн албан тушаалтнууд ял авсан.

Харин Ерөнхий сайд ажлаа өгөөд буухдаа Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаараа хэлсэн нь түргэдчихэв үү дээ гэж бодогдсон. Ер нь энэ хоёрын дундуур “хар муурнууд” гүйлдчих шиг болсон. 

- Засгийн газрыг Оюутолгой төсөлтэй холбоотойгоор огцорч байна гэж Ерөнхийлөгч үзсэн. Бүр УИХ-ын гишүүний нэр зааж хэлсэн. Үнэхээр тийм байх боломжтой юу?

-Засгийн газар огцорсон нь Оюутолгой төсөлтэй холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй юм . Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинто үеийн үед Монгол Улсын Засгийн газрын гол гол суудал дээр сайдуудыг тавихыг эрмэлзэж байсан гэж би хэлнэ. Тэгж харддаг ч хүний нэг. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулна гэж гүйцэтгэх захирал нь хэлж байсан удаатай. Санасандаа ч хүрсэн. Тэгээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад дараа нь Дубайн гэрээг явуулсан.

- Ерөнхий сайд Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. УИХ-аас Ерөнхийлөгчид хариуцлага тооцох боломжтой юу?

- Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстойг Үндсэн хуулиараа заасан. Хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж шийдсэний дараа УИХ хэлэлцэх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, жагсаал цуглааныг далдаас Ерөнхийлөгч зохион байгуулсан гэдэг зүйл цухуйлгасан. Үнэхээр баримт нотолгоотой үгүйг хэлж мэдэхгүй юм. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дараа УИХ дээр асуудал яригдана байх.

- Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлтэй холбоотой гээд байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

- Олон түмэн тэгэж хардаж байгаа байх. Өөрөө бол ёс зүйн хариуцлага хүлээлээ гэсэн. У.Хүрэлсүх намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой хүн.

-Улсын Онцгой комисс хэр ажиллаж байна гэж та хэлэх вэ?

-Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна. Бүр хэтрүүлж ажилласан гэж хэлнэ. Хорио цээрийг хэтэрхий чангаруулсан. Гадаадаас ирсэн иргэн 14, 21 гээд олон хоног хоригддог. Урт хугацаа байхгүй юу. БНСУ-д гэхэд гадаадын орноос ирсэн иргэдээ 24 цаг тусгаарлаад, түргэвчилсэн шинжилгээ хийгээд явуулж байна шүү дээ. Бид ч тэгж ажиллах ёстой. Хорио цээрийн хугацааг сунгаад олон салбарыг хаасан нь нийгэмд ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл үүсгэлээ. Хүмүүс бухимдаж, үүнтэй холбоотойгоор жагсаал цуглаан боллоо. Ер нь энэ ханиад манай улсад өнгөрсөн өвөл эрт орж ирсэн гэж боддог хүний нэг би. Иргэд толгой дараалан хүнд өвдсөн.

-Шинэ Ерөнхий сайдын нэрийг МАН тодруулж, Ерөнхийлөгчид саналаа өргөн мэдүүлсэн. УИХын гишүүдийн олонх нь дэмжээд явах байх. Та дараагийн Ерөнхий сайдаас юу хүлээж байна вэ?

-УИХ дахь МАН-ын 33 гишүүн үзэл бодол нийлж тайван замаар төрийн эргэлт хийж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж байсан. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон. Улмаар Ерөнхий сайдад нэр нь дэвшиж байна. Энэ хүн шударга ёсны хувьсгал хийж, нийгэмд өөрчлөлт хийж чадах хүн мөн бишийг үйлдэл нь харуулна. УИХ-аас Оюутолгой төслийн гэрээнд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гарч ажиллаад Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Би тус Ажлын хэсэгт орж ажилласан.

Харин Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар Л.ОюунЭрдэнэ сайд ажиллаж байгаа. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулж, засаж сайжруулах боломжтой байсан гэж боддог. Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг хүлээчихээд их удаан ажиллаж байна. Оюутолгой төсөл хэрэгжиж, байгалийн баялгаа ухуулах тусам бид өрөнд ордог байж болохгүй шүү дээ. Тиймээс гэрээнд яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Одоо Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гол яамд дээрээ ямар хүн томилж, хэрхэн бүрдүүлэхээс хэн болох нь харагдана.

2009-2012 онд УИХ, Засгийн газарт Оюутолгойг хамгаалагч гишүүд ажиллаж байсан. Одоо ч байдаг. Тэр хүмүүс Засгийн газар өөрчлөгдөх болгонд дандаа сайд болдог. Одоо ч Засгийн газарт бий. Тэд гол яамыг удирдаж байгаа цагт Оюутолгойн гэрээнд хэзээ ч өөрчлөлт орж чадахгүй. 

Зөв хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлээд сайн ажиллаасай гэж бодож байна. Монголчуудын 40 хувь нь яагаад ядуу амьдрах ёстой юм бэ. Бид баялгаа ашиглуулсныхаа төлөө Оюутолгойгоос жилдээ орж ирдэг татвараасаа илүү их өрөнд ордог байж болохгүй. Оюутолгой орд Эрдэнэт үйлдвэрээс тав, зургаа дахин их нөлөөтэй.

Бид ийм баялаг ордтой байж дэлхийн улс орнуудаас гуйлга гуйж, мөнгө санхүүгийн дутагдалд орж, төсвийн а л д а гд л а а г а д а а д ы н зээлээр нөхөж, өрөө улам нэмэгдүүлж байгаа нь гутамшиг. Монгол Улсын өр 31 тэрбум ам.долларт хүрчихлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах өрийн хэмжээгээр дэлхийд толгой цохиж явна. Бид том баялгаа авлигачдын балгаар дээрэмдүүлчихээд байгаа байхгүй юу.

-Та УИХ-д гурвантаа сонгогдсон хуучин гишүүдийн нэг. Засгийн газарт орж ажиллах сонирхол бий юу. Танд санал ирсэн үү?

-Сайдын асуудал огт яригдаагүй. Би өөрөө сайд больё гэхээсээ илүү Сангийн яам, Гадаад харилцааны яаманд Монголынхоо төлөө шударга зүтгэж чадах зөв хүн очоосой гэж бодож байна. Тэгж байж Монголын эрх ашигт хохиролтой буруу хийгдсэн олон улсын хэмжээний том гэрээнүүд дээрээ өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэнэ.

- УИХ шинэ оны өмнөхөн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан. Яг энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавилаа. АТГ-д хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41 мянган албан хаагчийн 33 мянга нь Засгийн газрын агентлаг, харьяа байгууллагын албан хаагчид. Гэтэл тэднийг томилдог, чиглэл өгдөг Ерөнхий сайд АТГ-ын даргыг мөн томилдог байх нь хэр зохимжтой юм бэ. АТГ-ын нийгэмд хэрэгжүүлэх ёстой шударга ёс энд тогтох уу?

-Хуулиараа авлигатай тэмцэх асуудал Ерөнхий сайдын чиг үүрэгт байдаг. Тийм учраас УИХ-аас Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Гишүүдийн олонх дэмжээд шийдсэн шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ