НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛДАГДАЛ НЬ ИРГЭДИЙН МӨНГӨ УЧИР ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ПРОКУРОРТ ӨГЛӨӨ!
2024.09.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛДАГДАЛ НЬ ИРГЭДИЙН МӨНГӨ УЧИР ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ПРОКУРОРТ ӨГЛӨӨ!

Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. Капитал банкнаас 68.2 тэрбум төгрөг, Чингис хаан банкнаас 100 орчим тэрбум төгрөг авах авлагын асуудал байгаа.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож ирсний дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл /НДҮЗ/ шинээр зохион байгуулагдсан.

Нийгмийн даатгалын алдагдал бол төсвийн мөнгө биш, иргэдийн мөнгө. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс бид яг хэдэн онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний ямар шийдвэрүүд гарч байсныг эргэж хараад, шийдвэр гаргахдаа тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль журмуудыг мөрдөж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг ил тод нээлттэй байх хэрэгтэй. Энэ утгаараа анх удаа прокурорт хүсэлт гаргалаа. Өмнө нь ингэж шалгуулж байгаагүй юм билээ.

Өнгөрсөн хугацаанд хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүх хурлын шийдвэрийг мөн прокурорт хүргүүлсэн. Бид ойрын хугацаанд Капитал банк, Чингис хаан банканд байршсан хөрөнгийг алдагдалд оруулах шийдвэр гаргасан өмнөх зөвлөлийн хурлуудын шийдвэрийн талаар Үндэсний зөвлөлийн хуралдааныг нээлттэй зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын оролцоог хангана. Өмнө нь НДҮЗ-өөс гаргаж байсан бүх шийдвэрүүдийг прокурорт шалгуулж, хэн гэдэг хүний үед ямар шийдвэр гарч, тэр шийдвэрээр ямар асуудлууд үүсэв гэдгийг цэгцлэхээр төлөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд УИХ-ын дээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Эхний ээлжид үндэсний зөвлөлийн хурлаа нээлттэй хийж оролцогч байгууллагуудыг байлцуулна.

ШИНЭ МЭДЭЭ