Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зөвлөхөөр ажиллахыг урив
2024.09.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зөвлөхөөр ажиллахыг урив

Манай Улс Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцөөр хөгжлийн бэрхшээлтэй 37 иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар 200 гаруй хүнийг бэлтгэжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус төслийн ахлах зөвлөх Чиба Хисаог хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэрбээр, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр олон улсын стандартад нийцсэн хөгжлийн төвүүдийг 6 аймаг, нийслэлд барьж ашиглалтад оруулсан. Цаашид иргэдийг хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон олон улсын ICF ангиллаар үйлчилгээ хүргэхийг зорьж байгаа. Тиймээс тогтолцоог шинэчлэх, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг эхнээс нь зөв менежментээр явуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад зөвлөж ажиллахыг хүслээ.

Ахлах зөвлөх Чиба Хисао, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн зах зээлд шууд гаргахад хүндрэлтэй” хэмээгээд, Япон Улсад эхний хоёр жил халамжийн хөдөлмөр эрхлэлт буюу дадлагажуулагчтай хамтран ажиллуулж бэлтгэсний дараа хөдөлмөрийн зах зээлд бие даалган гаргадаг туршлагаасаа хуваалцжээ.

ШИНЭ МЭДЭЭ