Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медаль хүртлээ
2024.09.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медаль хүртлээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медалийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Д.Рэгдэл, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг нар хүртлээ. /2024-09-24/

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ,

"Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагналыг хүртэх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Монгол Улсын хөгжил шинжлэх ухаанд суурилдаг, төрийн бодлого, төрийн шийдвэр бүр шинжлэх ухаанч байдаг, шинжлэх ухааны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудалд төр анхаарал хандуулдаг, бүх талаар дэмждэг байхын төлөө зүтгэж байж сая энэ шагналын утга учир оршино.

Миний бие Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 3,6 жил ажиллах хугацаанд Шинжлэх ухааны салбарын тогтолцооны шинэчлэлүүдийг хийхийг зорьж ажиллажээ.

САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ:
Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын үндсэн санхүүжилтийг хэлбэр болох өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлэн энэ төрлийн санхүүжилтийг олгож эхлээд байна.

ГАРААНЫ КОМПАНИ, ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ:
Бүх төрлийн гарааны компани болон программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид 5 төрлийн татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэн, хэрэгжиж эхлээд байна. Түүнчлэн, Монгол Улсад инновацын соёлыг идэвхжүүлэн, орон нутаг, бүс, нийслэлд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор инновац, технологи ашиглан шийдэх үндэсний хэмжээний “MON-X” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ЦАЛИН, ОЮУНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ:
Салбарын албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулан шатлалгүй болгож, доод хэмжээг 1,100,000.0₮ байхаар буюу 41.5 хувиар нэмэгдүүлсэн, залуу судлаачдын оюуны үнэлэмжийг дээшлүүлэн "Хүрэлтогоот" -ийн шилдэг 14 судлаачдад олгодог байсан 4 сая төгрөгийг 10 сая болгон нэмэгдүүлэн, шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тусгай грантыг бий болгов.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН УЯЛДААГ ХАНГАХ, ПРАКТИК ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ:
Хэрэгцээнд тулгуурласан салбар дундын болон салбар дамнасан судалгаа, шинжлэх ухааны төслийг дэмжих, төслийн бүтцэд өөрчлөлт оруулан улсын захиалгат, технологийн туршилт зүгшрүүлэлт, инновацын грантын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримтлан, ажиллаж байна.

ЦАХИМ, НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ:
“Судлаачийн мэдээллийн сан” системийн хөгжүүлэн, data.stf.gov.mn цахим портал дээр 1993-2020 онуудад хийгдсэн нийт 4436 судалгааны ажлын тайлан, үр дүнг олон нийтэд ил болгож, олон улсын мэдээллийн санг эрдэмтэн судлаач нар ашиглах эрхийг бий болгосон.
Өнөөдрийн байдлаар Скопус мэдээллийн санд бүртгэлтэй Монгол улсаас 9138 бүтээл, нийт эшлэл 150688, h-index 138-д хүрсэн байна. Жилд авагдаж буй эшлэлийн тоо 2008 онд 2032, 2022 онд 20614-д хүрсэн нь 10 дахин нэмэгдсэн байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ:
Монгол улсын 21 аймаг, нийслэлд Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэн, Шинжлэх ухааныг түгээх аяныг 10 аймагт зохион байгуулаад байна. Хөрш орнууд болон хөгжингүй орнуудтай хамтарсан судалгааны тоог нэмэгдүүллээ.

САЛБАРЫН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ:
“Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгдсэн цогцолбор” төсөл амжилттай хэрэгжиж байна. 2024 оноос тус цогцолборын лабораторийн барилгууд хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ:
Салбарын суурь хууль болох Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар батлуулж, эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ