М.Мандхай: Хөдөө аж ахуйн гурван том төслийг цогцоор нь хэрэгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж ажиллана.
Энэ оны 04 дүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов.
Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт аж.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай уг жагсаалтад Шинэ хоршоо хөдөлгөөний малчид, хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар Зарчмын зөрүүтэй санал боловсруулж байна.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай онцоллоо.