МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.05
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөх асуудал яагаад орж ирсэн бэ?

УИХ-ын намрын чуулганы  /2024.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Газар зүйн байршил, хүн амын тоо гээд энэ нөхцөл байдалтайгаа уялдуулж, гадны хөрөнгө оруулалт дээр болгоомжтой хандах нь буруу биш. Тухайлбал БНСУ-ын хувьд гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдэд тавих хүүгийн босго 100 сая доллар. Хэрвээ хоёр тусдаа хөрөнгө оруулагч байх юм бол дундаа 100 сая биш тус тусдаа 100 сая доллар байдаг. Арван жилийн өмнө Х.Болорчулуун бид нар энэ хуульд 100 мянгыг болиулъя гэхэд бүгдээрээ эсэргүүцээд үүнийг үлдээж байсан. Дараа нь Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар энэ 100 мянгыг 50 мянга болгоё гэхэд гишүүд бараг бүгдээрээ эсэргүүцэж хуулиа татаж авахад хүрсэн. Гэтэл өнөөдөр үүнийг байхгүй болгохоор оруулж ирж байгаад гишүүд юм ярих нь аргагүй. 

Хамгийн гол нь 100 мянган долларын босго орж ирэхгүй болгосноор аль салбарт хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа талаар мөн аль салбараа нээлттэй, аль салбараа хаалттай байлгах тооцоо судалгаа байна. Энэ хуульд анхаарал татсан зүйл байна. Өмнөх хуулийн төсөл дээр газрыг 100 жилээр эзэмшүүлэх байсныг одоо ашиглуулах болгож орж ирж байна. Эхлээд 15-60 жил, дараа нь 40 жил хүртэлх хугацаагаар сунгах. Энэ 100 жилийн хугацаанд нөхцөл байдал өөр болно ш дээ. Энэ тооцооллыг хэрхэн хийсэн бэ? Энэ хуулийн 16.01.03-т Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөх гэж орж иржээ. Энэ мөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ажилладаг. Үүнээс болж энэ сан санхүүжилтгүй болох уу?

ШИНЭ МЭДЭЭ