Хот хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлтийн талаар хэлэлцлээ
2023.08.30
Барилга, Хот байгуулалт

Хот хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлтийн талаар хэлэлцлээ

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хороо нь хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилготой юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төлөвлөлтгүй хот, төлөвлөлтгүй газар олголтоос үүдэлтэй, 30 жилийн турш хуримтлагдсан асуудлыг хот дангаараа шийдээд явах боломж хомс. Зөвхөн хотын хөгжил яриад байвал хөдөөгийн хөгжил хоцорно. Хотоо л хөгжүүлээд байвал хүн амын нягтаршил, авто машины хэрэглээ нэмэгдэнэ. Дан ганц хотын хөгжилд анхаарч, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа хот руу төвлөрүүлэх бус хөдөөгийн бүсчилсэн төлөвлөлтийг хийж, хөгжилд нь анхаарах цаг болсон” гэдгийг онцолж байлаа.

Хурлын төгсгөлд нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаарх олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан юм.

ШИНЭ МЭДЭЭ