Д.Сумъяабазар: Үерийн эрсдэлээс сэргийлэх орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ёстой
2023.07.25
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Д.Сумъяабазар: Үерийн эрсдэлээс сэргийлэх орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ёстой

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, зарим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар түүнээс тодрууллаа.


-Сүүлийн үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч буй. Үерийн шалтгааныг голын ай сав, голдиролд барилга байгууламж олноор барьсантай холбоотой гэж үзэж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Үүсээд буй нөхцөл байдал бол өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн, бодлогын, хот төлөвлөлтийн тал дээр гаргасан алдааны уршиг. Улаанбаатарын хувьд 1950-иад оноос хот төлөвлөлт, цаашлаад 1970-аад оноос орон сууцны төлөвлөлтийн тухай ярьж эхэлсэн. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд хотын нэгдсэн төлөвлөлт алдагдаад байна. Одоо бидний нүүр тулж буй олон асуудал эндээс эхтэй. Ганцхан жишээ хэлэхэд, өмнө нь барилга, байгууламж, орон сууцны техникийн нөхцөлийг хотоос өгдөг байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ байршилд нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ, цэвэр ус, дулаан хангамж ямар байх боломжтой вэ гэдгийг хот төлөвлөлттэйгөө уялдуулан тооцоолдог байсан. Гэтэл цаг үе, тогтолцоо өөрчлөгдөөд, эдгээр техникийн нөхцөлийг холбогдох яамд нь олгодог болсон. Тэгэхээр энэ нь хотын нэгдсэн төлөвлөлттэй уялдахгүй болчихож байгаа юм. Ингээд төлөвлөлтгүй, стандартгүй, оффис, үйлдвэр, орон сууцны бүс нь холилдсон, үүнийгээ дагаад олон асуудал ундарсан хот бий боллоо. Газрын зөвшөөрлийг ч замбараагүй олгож, ашиглалтын зориулалтыг дураараа өөрчилсөн жишээ мундахгүй.

Энэ мэт асуудлаас үүдсэн алдаагаа даруй засах, стандартыг мөрдөх, хууль журмынхаа хоёрдмол байдлыг цэгцлэх, цаашлаад хотын асуудлыг шийдэх бүтээн байгуулалтыг яаравчлах цаг ирээд байна. Үүнийг одоо л цэгцлэх ёстой. Бас олуулаа нэгдэж, хамтран шийдэх ёстой.

-Үүнийг шийдэхэд эхний ээлжид ямар арга хэмжээ авах вэ?

-Улаанбаатарын хувьд Туул, Сэлбэ, Дунд голын ай савд, цаашлаад голдиролд ойрхон, бүр урсцыг нь хаасан барилга байгууламж олон. Ийм газар барилга барих ёстой байсан уу гэдэг өөрөө маш том асуудал. Одоо мөрдөж байгаа хууль, журмыг дагасан уу, яагаад зөвшөөрөл өгөв гэдэг асуултыг бүгд асууж байна, тэгэхээс ч аргагүй. Байгалийн гамшиг, үер усны асуудал нүүрлэхгүй мэт л барилга барьцгаасан, үүний нөлөө өнөөдөр ийм байдлаар илэрч байна. Цаашид үер усны хүндрэл давтагдана. Тэгэхээр бид хамгийн түрүүнд хууль, эрх зүйн хувьд зөрчилдсөн, тодорхойгүй асуудлыг нэг тийш болгож цэгцлэх ёстой. Газрын зөвшөөрлөөс эхлээд ашиглалтын зориулалттай холбоотой асуудлууд, цаашлаад орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын асуудал ч энд яригдана. Сэлбэ голыг нийслэлд орон нутгийн тусгай хэрэгцээнд авч яагаад болохгүй байна вэ? Тусгай хэрэгцээндээ аваад, хуулийнхаа хүрээнд зөвшөөрлөө өгөх, эсэхийг шийдье л дээ. Дүрэм журам, стандарт мөрдөхийг шаардъя л даа.

Нөгөө талаас, бид үер усны эрсдэлээс сэргийлэх орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ажлыг яаравчлах ёстой. Энэ бол нэгдүгээрт, 1.6 сая хүний аюулгүй байдлын асуудал. Нөгөөтэйгүүр, цаашид хэрхэх вэ, ямар байдлаар хөгжих вэ гэдэгтэй ч уялдана. Тухайлбал, Улаанбаатарт цэвэр усны асуудал тулгамдаж буй. Дэлхийн хотуудын 70-80 хувь нь гадаргуугийн усаа ашиглаж байхад бид өнөөдөр гүний усаа хэрэглэж байна шүү дээ. Тэгэхээр усыг помпоор соруулаад урсгаад байх уу, илүү дэвшилтэт технологи ашиглаад цэвэршүүлээд, саарал ус болгох уу гэдэг сонголтыг хийх цаг ирсэн.

-Салбарын судлаач, инженерүүд, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэд ямар санал, шийдэл дэвшүүлж байна вэ?

-Үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд богино, дунд, урт хугацааны гэсэн төлөвлөлт хийж байна. Тухайлбал, ус зайлуулах ямар шийдлийг ашиглах ёстой вэ, голууд дээр ямар далан, ямар байгууламж хийх вэ гэдгийг энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид, инженерүүдтэй хэлэлцэж, санал солилцлоо. Тэдэнтэй хамтраад ойрын хугацаанд шийдэл, мастер төлөвлөгөө гаргана. “Сэлбэ сэргэлт” төсөл, Туулын усан цогцолборын ТЭЗҮ, ажлын зургийг гаргаад явж байна, ирэх есдүгээр сард дуусна. Тэр хүртэл бид хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдээд төслийг хөдөлгөх шаардлагатай.

-Хөрөнгийн эх үүсвэрийг ямар байдлаар шийдэх боломжтой вэ?

-Суурьшил гэдэг өөрөө дэд бүтцийн төвлөрөл. Эрчим хүч, дулаан, цахилгаан хангамж, зам, нийтийн тээвэр, цаашлаад гамшгаас хамгаалах гээд дэд бүтцийн шийдлүүд өндөр өртөгтэй. Гэхдээ зардал өндөр гээд хойш тавьж болохооргүй чухал. Үерийн эрсдэлээс сэргийлэх байгууламж, төслийн бүтээн байгуулалтыг улс, нийслэлийн төсвөөр хийж чадахгүй, тэгэх боломж ч байхгүй.

Тэгэхээр урт хугацааны тогтвортой санхүүжилт хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн өмчийн “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн хайгуулын талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар яриа хэлцэл хийж байна. Нөгөө талаас, нийслэл түүхэндээ анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болж байгаа. Энэ бол хэн нэгэн хүний, аль нэг байгууллагын эрх ашиг биш, хотод амьдарч байгаа 1.6 сая хүний эрх ашиг, амьдрах орчинтой холбоотой том төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх, санхүүжүүлэх, тулгамдаж буй асуудлаа шийдэх боломж гэж харах учиртай юм.

ШИНЭ МЭДЭЭ