Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов
2023.05.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчийн соёлын 432 байгууллагад 4470  албан хаагч ажиллаж байна. Тус журмаар эдгээр албан хаагчийн 70 хувь нь мөнгөн тэтгэмж авна.

Соёлын салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс бусад төрийн үйлчилгээний салбараас бага, мэдлэг, ур чадвар, туршлагатай мэргэжлийн ажилтнуудын орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллах сонирхол буурч, ажлын байраа орхин бусад салбарт шилжиж байна. Жишээлбэл, соёлын төвийн хөгжмийн багш нар ерөнхий боловсролын сургууль руу шилжиж байгаа бол орон нутгийн өмчийн 24 музейн 325 ажилтны 78 нь өөр салбарт шилжжээ.

Төрийн албан хаагчдын цалингийн зөрөөтэй байдлыг арилгах, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг боловсрол, шинжлэх ухааны  салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд үүрэг болголоо.
“Соёлын яам салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БСШУС-ын байнгын хороонд удаа дараа хүргүүлээд байна.

Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин энэ ондоо багтаад үе шаттай нэмэгдэнэ” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ