МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“E-Mongolia 3.0” системийг харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хийж байна
2023.05.03
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“E-Mongolia 3.0” системийг харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хийж байна

Төрийн цахим үйлчилгээний “e-mongolia” системийн үйлчилгээ болон хэрэглэгчийн тоо анх ашиглалтад орсноос хойш 10 дахин нэмэгдээд байна. Тус платформын шинэчлэн сайжруулсан хувилбар болох “e-mongolia 3.0” систем хийгдэж байгаатай холбогдуулан “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа.

Энэхүү “e-mongolia 3.0” системийг хайлтын ухаалаг системтэй, хэрэглэхэд илүү хялбар, нэвтрэх хурд өндөр байхаар хөгжүүлсэн байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу өнгөний код, аудио хувилбартай хийж байгаа аж. Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож, юун түрүүнд төрийн үйлчилгээний цахим системүүдийг өөрчлөн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ ийнхүү бодит ажил болгож байгаад баяртай байна.

Уулзалтын үеэр дөрөвдүгээр сарын 6-ны өдөр ашиглалтад орсон аж ахуй нэгж, хуулийн этгээдэд зориулсан “e-business” системтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус системээс 730 үйлчилгээ, 22 салбарын тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой байна. Тухайлбал, хуулийн этгээдийг шинээр байгуулахад улсын бүртгэлийн байгууллагад заавал биеэр очиж нэр шүүлгэдэг байсан бол одоо “e-business” системээр нэрээ шүүлгэж баталгаажуулна. Ингэснээр компани байгуулах 8 шатлалын эхний 3 шатыг цахимаар хийж болж байна. Үлдсэн шатуудыг бүрэн цахимжуулахад шаардлагатай хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд ИЦББХ-ноос анхаарч, хэрэгжүүлэх болно.

Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд 81 байгууллагын 986 үйлчилгээг 1.6 сая хэрэглэгчид хүргэж байна. Үүнээс орон нутгийн хэрэглэгч 50.5 хувьд хүрсэн нь цахим шилжилтийн үр дүн гэж хэлж болно. Цаашид тус системд цахим төлбөр тооцооны сүүлийн үеийн шийдлүүдийг оруулах, байгууллага хоорондын интеграцийг илүү сайжруулах, цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ