Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газарт шунаж байна
2023.05.10
Улстөр

Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газарт шунаж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах асуудал олны анхаарлын төвд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганаар Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах тогтоолын төслийг баталсан байна. Таныг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд сууж байх хойгуур тус шийдвэрийг гаргасан гэх мэдэгдэл хийсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-Хууль тогтоомжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан.Эхний болон эцсийн хэлэлцүүлэг явагдаж өнөөдөр батлагдаж байна. Засгийн газраас энэ хуульд хууль зүй, эрдэм шинжилгээ, судалгаа тэр дотроо хууль зүйн албан бус орчуулыг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцахаар хуульчилсан. Мөн эрүү, иргэн, захиргаа, зөрчил зэрэг томоохон хуулиудын хэрэгжилтийн үр нөлөөг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцаж байхаар хуульчилсан.

Ингээд эхний болоод эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах асуудал огт хөндөгдөөгүй, яригдаагүй. Өчигдөр миний бие Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх хойгуур манай Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, өнөөдөр хууль дагаж тогтоол гаргаад Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байна.Чуулганы хуралдаанаар эцэслэн батлах учраас надад байр сууриа илэрхийлэх боломж гараагүй учраас мэдэгдэл гаргалаа. Нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хороо тус хуулийг хэлэлцэж байх үед ийм төрлийн хэлэлцүүлэг хийгдээгүй, яригдаагүй. Харин ч Хууль зүйн үндэсний хүрээлэнг бэхжүүлэхтэй холбоотой хуулийн өөрчлөлт хийсэн.

Гэтэл тэр хуулиа хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гэж оруулж ирээд түүгээрээ дамжуулж Хууль зүйн хүрээлэнг УИХ-ын харъяанд авах, хэрэг дээрээ Засгийн газар хуулийнхаа судалгаа, эрдэм шинжилгээ хийдэг, хэрэгжүүлж буй хуулийн үр нөлөөг үнэлэдэг байгууллагыг байхгүй болгож, татан буулгаж байна.

-УИХ-д өргөн баригдаж байгаа хуулийн дийлэнх хувь нь Засгийн газраас оруулж ирдэг. Тэгэхээр цаашид судалгаа нотолгоо муутай хуулиуд төрөх магадлал өндөр гэсэн үг үү?

– УИХ-аар хэлэлцэгддэг хуулиудын 90 орчим хувь нь Засгийн газраас өргөн баригдсан хуулиуд байдаг. УИХ-аас нэг их хууль өргөн бариад байдаггүй. Засгийн газраас УИХ-д орж ирж байгаа хуулиуд тооцоо судалгаатай, үнэлгээтэй байх учиртай.

Энэ ажлыг нь хийдэг байгууллагыг татан буулгаж байгаа нь Засгийн газраас орж ирдэг хуулиуд дээр ажилладаг оюуны уураг тархийг устгаж байна гэсэн үг. Би үүнийг дэмжихгүй байна. Би УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байх хугацаандаа хуульчдын оюуны өргөөг татан буулгах нүгэл хэзээ ч үйлдэхгүй. Б.Чимэд багш анх Хууль зүйн хүрээлэнг байгуулах үедээ “Энэ байгууллага байшин байршил хоёроосоо болж байхгүй болох байх даа” хэмээн санаа зовж хэлсэн байдаг. Б.Чимэд багшийн хэлсэн үг өнөөдөр биеллээ  олж байна.

Хэрэг дээрээ УИХ-ын судалгааг сайн болгох гэж хийж байгаа асуудал биш энэ бол барилгыг нь авах гэсэн санаархал. Тийм учраас хуульчдын оюуны өргөөг татан буулгаж байгаа асуудлыг дэмжихгүй. Би энэ асуудлаар иргэн хүнийхээ хувьд ч тэр Үндсэн хуулийн цэцэд тогтоолын төслийг хүчингүй болгох асуудлаар хандана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ асуудалд хориг тавиасай хэмээн хүсч байна.

-Хууль зүйн үндэсний хүрээлэнг тодорхой хугацаанд судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах гэрээ байгуулж барьсан гэх яриа байдаг. Хэр үнэний ортой вэ?

-Энд хэд хэдэн процессийн алдаа гаргаж байгаа юм. Анх энэ хүрээлэнг Б.Чимэд багш 2000 оны эхээр одоогоос 20 гаруй жилийн өмнө байгуулах үедээ дэлхийн банкнаас 4 сая ам. долларын буцалтгүй зээлээр “40 жилийн хугацаанд Хууль зүйн яамны харъяанд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн ажиллуулна” гэсэн гэрээ хийж, мөнгө олж бариулж байсан. Энэ 40 жилийн хугацаа нь 2041 онд дуусна. Энэ жил 20 жилийн ой нь болж байна.

Анх тус барилга байгууламжийг барихдаа байгуулсан олон улсын гэрээгээ Монгол Улс зөрчиж байна гэсэн үг.

-Та хуулийн хулгай хийлээ гэж байна. Хэн хуулийн хулгай хийх санаачилга гаргасан гэсэн үг вэ?

-Засгийн газраас энэ асуудлаар тогтоолын төсөл өргөн баригдаагүй. Хууль тогтоомжийн хуулийн эхний болоод эцсийн хэлэлцүүлэг УИХ-д орж ирэхэд би өөрөө хурал даргалсан. Ийм асуудал яригдаагүй. Өчигдөр намайг байхгүй араар хуулийн хулгай хийсэн. Энэ асуудлаар би Цэцэд хандана.

ШИНЭ МЭДЭЭ