МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм
2023.05.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлдог гэдгийг та бид мэдэх билээ. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан бөгөөд түүнээс хойш энэ хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон.

Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 2012,2015, 2016 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулж иржээ. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтүүд нь хууль тус бүрээрээ дангаараа хийгддэг байсан бөгөөд энэ удаагийн шинэчилсэн найруулга нь багцаараа хийгдэж байгаа нь өмнөх шинэчлэлүүдээс  онцлог юм.  Боловсролын тогтолцоонд албан боловсролоос гадна албан бус боловсрол, амьдралын орчинд суралцахуйг хүлээн зөвшөөрөх зэрэг суурь асуудлыг хамарсан эрх зүйн шинэчлэлийг хийх нь насан туршдаа суралцахуйн тогтолцоог бүрдүүлэх үндэс болох юм гээд  ажлын хэсгээс зарчмын өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгах заалтуудыг танилцуулав. Тухайлбал, боловсролын санжүүжилтийг авч үзэхдээ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийг хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн суурь, хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг шинээр тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар салбарын байгууллага, хүний нөөц, суралцагч, иргэнд гарах үр дүнг танилцуулж, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш олон нийт болон талуудад 42 удаа танхимаар болон онлайнаар хэлэлцүүлж, 1600 орчим санал зөвлөмжийг хүлээн аваад байна. Хуулийн төслүүдтэй 37174 иргэн танилцсан ба үүнээс Боловсролын ерөнхий хуулийн төслийг 28442 иргэн судлан үзэж, 1568 санал ирүүлээд байна 

 

ШИНЭ МЭДЭЭ