МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг хэрэгтэй
2023.04.13
Улстөр

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг хэрэгтэй

Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцоотой гэж хуулиараа тунхагласан.  

Гэвч өнөөдөр улс төрийн намын удирдах албан тушаалын дөнгөж 22%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа статистик тоо гарсан. Иймд эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах орчин бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг эмэгтэй гишүүд илэрхийлсээр байна.

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгэмийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахалж ажилладаг. Түүний хувьд Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн боловсруулалтад идэвхтэй оролцож, 1:1, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, тэдний оролцоог дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж буй. Энэ нь улс төрийн түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах тал дээр хийж байгаа томоохон алхам болсон.

Монгол эмэгтэйчүүд юу ч хийж бүтээхэд бэлэн, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой. Гагцхүү бодит дэмжлэг хэрэгтэй. Гадны байгууллага дэмжихээр л форум, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Гэтэл яг хуулийн нарийн асуудлаа хэлэлцэх үед өөрчлөгддөг тохиолдол байдаг. Тиймээс үүнийг анхаарах ёстойг тэрээр онцолсон.

Мөн жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх асуудал нь одоо УИХ-д байгаа 13 эмэгтэй гишүүний тухай огт биш. Манай улсын хүн амын 51,3 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Мэдлэг боловсролын түвшингээр ч давамгайлах болсон нь судалгаанаас харагдаж буй. Иймд чадварлаг эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах ёстой гэдгийг түүний хувьд илэрхийлж байгаа юм.
Энэ ч утгаараа хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгохоор ажиллаж байна. 
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа чухал үед УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

Энэ үеэр НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд жендерийн тэгш байдлыг хангах тал дээр манай улсад тодорхой дэвшил гарч байгааг дурдаад, мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа илэрхийлсэн билээ.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар

  • Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5,
  • Ази тивд 21.2%
  • Манай улсад 17% байна.

ШИНЭ МЭДЭЭ