Б.Энхбаяр: "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль" нь зөвхөн амьтан биш хүнтэй холбоотой хууль юм
2023.04.03

Б.Энхбаяр: "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль" нь зөвхөн амьтан биш хүнтэй холбоотой хууль юм

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан. Хуулийн төсөлд иргэдээс санал авсан бөгөөд 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж дуусжээ.

Монголын парламентийн түүхэнд иргэдтэйгээ хамтран боловсруулж өргөн барьж буй хамгийн анхны хуулийн төсөл гэдгийг онцоллоо.

Монгол Улсад албан бус тоон мэдээллээр 220-250 мянган тэжээвэр амьтан бий. Тодруулбал нийт өрхийн 25 хувь, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 55 хувь, орон сууцанд амьдарч байгаа иргэдийн 12 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Үүнээс гадна 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд эзэнгүй 320 мянга гаруй нохой, муур байдаг гэв.

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө хууль санаачлагч Б.Энхбаяр хэлсэн үгэндээ

"Миний хувьд гэрийн тэжээвэр амьтан тэжээдэггүй, энэ сэдвээс нэлээн хол хөндий хүн. Өнгөрсөн жил "Азтай савар" ТББ-аас сошиал хуудсаар дамжин эзэнгүй нохой, муурын асуудал, хүн, хүүхэд хазуулж, тэднийг устгахдаа харгис хэрцгий арга ашиглаж, устгаад дийлэхээ больсон, хөрсөнд булж байгаа нь экологийн болон хүний эрүүл мэндэд хортой нөхцөл байдал үүссэн талаар хэлж надад хандсан. Өмнө нь энэ талаар огт сонсож байгаагүй надад сэдэв сонирхолтой санагдаж энэ нь зөвхөн амьтны тухай биш хүний тухай хууль болохыг олж мэдсэн. Монголчууд гөлгийг ч ертөнцийн гурван хөөрхөн амьтанд багтаасан байдаг.

Дэлхийн 124 оронд Гэрийн тэжээвэр амьтны тухай бие даасан хуультай. Тиймээс сайн дураараа хийж буй энэхүү ажлыг бид дэмжиж, хууль санаачилж, батлах шаардлагатай болсон. Ямар ч хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэгтэй би хувьдаа санал нэгтэй байдаг. Гэрийн тэжээвэр амьтны талаар ойлголтгүй байсан надад итгэл үнэмшил төрж, жилд 3-4 мянгаараа хазуулж, гэмтэж байгаа асуудлыг журамлах, эздийг хариуцлагажуулах шаардлагатай байгааг хуульчиллаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хүнээ хайрлаж чадахгүй байж амьтны эрх яриад байна гэх шүүмжлэл их байна лээ. Энэ байгальд зөвхөн бид л амьдраагүй. Бид хажуудаа байгаа тэжээвэр амьтдаа ч хайрлах учиртай. Хүн хүнээ хайрлахаас гадна байгаль орчин, эргэн тойрондоо бид энэрэнгүй хүнлэг байдлаа ч гаргах хэрэгтэй. Хэцүү цаг үед энэрэнгүй үзэл, хүүхэд багаасаа бусдыг хайрлах үзлийг үүгээр ч дамжих боломжтой гэж бодсоны үндсэн дээр хуулийн төсөлд гар бие оролцсон" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ