МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: 20 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэг чигийн урсгалд оруулахыг цуцлах хүсэлт гаргана
2023.03.28
Зам, Тээвэр

Х.Ганхуяг: 20 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэг чигийн урсгалд оруулахыг цуцлах хүсэлт гаргана

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ шийдвэрийг Нарны хороолол болон Алтай хотхоны оршин суугчид эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийллээ. Оршин суугчид "Нэг хороолол дундуур нөгөө хорооллын иргэд дамжин өнгөрөх нь зөв шийдэл биш", "Бидний амь нас туршилтын туулай биш", "Хүүхдээ тоосжилт ихтэй, машины сигналтай орчинд өсгөж байгаа нь багадаагүй", "Хүүхдэд ээлгүй шийдвэрээ зогсоо" гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ талаар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Баянгол дүүргийн хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулан туршилт хийж байгаа шийдвэрийг цуцлуулахаар ажиллана" гэв. Тэрээр "Нэг чигийн зохицуулалт нь хоёр хотхоны оршин суугчдад ихээхэн хүндрэл учруулж байна. Өнөөдөр оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж гадаа талбайдаа цуглаад байгаа юм. Манай ажлын алба нөхцөл байдалтай газар дээр нь очин танилцлаа. Шийдвэр гаргасан хүмүүс онцгой анхаарна уу" гэжээ.

Түүнчлэн "Нарны хороолол болон Алтай хотхоны нийт оршин суугчид болох 20 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа уг асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа дахин илэрхийлье. Хоёр хотхоны оршин суугчид шийдвэрийг цуцлах санал гарган гарын үсэг зурж эхэллээ. Миний бие иргэдийн гарын үсэг, өргөдөл хүсэлтэд үндэслэн Түгжрэлийн сайд, Хотын дарга, ЗХУТ-д хүсэлт илгээх болно…" хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ