МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.24
Эрүүл мэнд

Б.Жаргалмаа: Эрэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Гэтэл сүрьеэгийнхээ эмнэлгийг ч байгуулж чадаагүй байна. Өчигдрийн чуулганы хуралдаанаар уг асуудлаар Эрүүл мэндийн яамнаас асуусан боловч шүүхийн шатанд байгаа, түр зогсоосон гэж хариулт өгсөн. Дүүргүүдийн эмнэлэг 2 кабинет, 2 эмчтэй. Эмч нар нь өөрсдөө сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай.

Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэддээ талархал илэрхийлье. Эрт илрүүлэг бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх боломжийг олгож байгаа. Гэхдээ үүнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвд ирж үйлчлүүлж байгаа хүмүүсээс илүүтэй хүрч үйлчлэх үйл ажиллагаа шаардлагатай.

Өчигдөр Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэлийн тайлан дахь мэдээллийг харсан. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт 616.519 хүнээс 45.3% нь эрэгтэйчүүд, 54.7% нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Нас баралт их байгаа гэж ярьж байгаа энэ үед тэднийг эрт илрүүлэгт хамрагдах талаар анхаарах хэрэгтэй.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг чадахжуулах зайлшгүй шаардлагатайг хэлмээр байна. Хэдийгээр тэдний статус нь төрийн үүргийг гэрээлэн гүйцэтгэж байгаа боловч нөхөрлөл хэлбэрээр ажиллаж буй. Үүнд яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? Увс аймгийн Зүүнхангай сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ирж уулзсан. 90 оны компьютертай. Цахимаар бүртгэлээ хийх гэхээр хугацаа алдаж даатгалаасаа хоцордог. Ингээд санхүүжилтээсээ хоцроод байгаа талаар хэлсэн. Энэ бол нэг жишээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд ажилласан. Сэргээн засах төрөлжсөн мэргэжийн гурав дахь шатлалын эмнэлэг боловч төрийн өмчит үйлдвэрийн газар гэх статустай байна. Зөвхөн даатгалаас санхүүжилтээ аваад, төсвөөс урсгал зардал байдаггүй. Даатгал нь эрүүл мэндийн үйлчилгээндээ явахаар урсгал зардал нь хасагдчихаад байна. Энэ статусыг яах вэ гэдэгт анхаарч өгөөч. Тодорхой болгохгүй бол санхүүжилт нь дутагдалтай буй.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ