МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.17
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаасан зүйл заалт хуульд ороогүй

Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Учир нь Ерөнхийлөгч хуулийг хэлэлцсэн байдал, олон нийттэй санал солилцох үйл ажиллагаа хангалтгүй байсанд анхааруулж хориг тавьсан. Түүнээс хуулийн агуулгатай холбоотой үг үсэг Ерөнхийлөгчийн хоригт байхгүй.

Ийм хууль хэрэггүй, оруулж ирэх шаардлагагүй гээд яриад байгаа хүмүүст хуулийн зарим заалтуудыг зориуд уншуулж сануулъя гэж бодож байна. Хоёрдугаар бүлгийн зургадугаар заалтад зөрчилтэй контент гэж бий. Чуулган завсарласан үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал бид хоёр орон нутгийнхаа 27 суманд ажилласан. Гол яригдаж байсан хуулиудын нэг энэ. Маш их дэмжлэгтэй байгаа. Ялангуяа агуулгатай холбоотой зүйл дээр.

Үндэсний ёс заншил, түүх соёлоо гутааж доромжлохоо больцгооё. Цахим сүлжээ ашиглан хулгай хийж, залилахаа зогсооё. Хүүхдийн бие махбод оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж байгаа дарамт үзүүлж, сурталчилсан зүйлээ больё. Хүчирхийлэл садар самуун, хүнийг заналхийлдэг, амиа хорлодог, бие махбодод гэмтэл учруулдаг уриалж, сурталчилдаг байдлаа больё. Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис, үндэсний эв нэгдлээ бусниулж буй, улсын нууцыг задруулдаг, террорист үйлдэл, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинж агуулсан, гэмт хэрэг өдөхөд өдөөн турхирсан уриалсан зүйлээ больё.

Хувь хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулсан, эвдрэлцүүлсэн, салан тусгаарлахыг уриалсан ухуулсан эдгээр зүйлийг больё гэж агуулгадаа дурдсан байгаа. Үүнд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон заалт байхгүй. Өөрийн нэрээр ил тод буруу юм хийсэн бол хариуцлагаа хүлээх боломжтой хэлбэрээр хийх ийм л зүйл буй.

ШИНЭ МЭДЭЭ