МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
2023.03.02
Эдийн засаг, Худалдаа

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг батлан хэрэгжүүлж байна.

Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.

Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.  

Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ