Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа
2023.02.07
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа

Тойрогт ажиллах томилолтоо үргэлжлүүлэн Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Төв аймгийн зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн сумдад Монгол улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы хамт өнгөрсөн 12 сард ажиллах үеэр Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай фургон автомашин шийдвэрлэсэн нь малчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эрдэнэ суманд баригдаж байгаа Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай явагдаж байна ! Шинэ барилга энэ онд багтаан ашиглалтад орох бөгөөд шаардлагатай тоног, төхөөрөмжийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн онд эхэлсэн "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн хүрээнд гүний 2 худаг, гадна цэвэр усны шугам, цахилгаан холболтын ажлууд хийгдсэн байна. 2023 оны улсын төсөвт тодорхой санхүүжилт тусгагдсан тул энэ онд барилгын ажил үргэлжлэн хийгдэнэ.

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Газрын багц хуулийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлтэй холбогдуулан газрын харилцааны асуудлаар УИХ-ын ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлгийг #Эрдэнэ суманд сар шинийн дараа зохион байгуулах тул орон нутгийн удирдлагууд, иргэдийг санал хүсэлтээ нэгтгэн идэвхтэй оролцохыг сануулж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ