Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.01.19
Эдийн засаг, Худалдаа

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

УИХ-ын тогтоолын төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад иргэн, аж ахуйн нэгжээс ирдэг боловч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй байна.

Харин цахим орчинд казиногийн тоглоом, спортын болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн амын дунд түгээмэл болсон байгаа нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна.

Иймд казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгааг тодорхой болгож, тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих хэм хэмжээ, биелүүлэх шаардлага, тавих хяналтын талаар хуулиар зохицуулж, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ