Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023.01.19
Хууль, эрх зүй

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг боловч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байгаагүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа дээрх үйл ажиллагаануудыг зохицуулахаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааг нийтэд нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд эдгээр 4 төрлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг нөхцөлийг зохицуулсан байна.

Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь мөрийтэй тоглоомыг шударга ил тод, хариуцлагатай явуулах, хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид даруй олгох, нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах зэрэг нийтлэг зарчмыг баримтлахаар зохицуулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн бага насны хүүхдийг мөрийтэй тоглоомын хэрэгсэл болгох нь нийгмийн дэг журамд нийцэхгүй гэж үзэн 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал (уралдаан, тэмцээн)-д бооцоот таавар зохион байгуулах, 18 насанд хүрээгүй хүнийг тоглуулах, мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах, дээрх үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахыг нийтлэг байдлаар хориглосон байна.

Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 10 жилийн хугацаагаар олгохоор, дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь 1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй (үүнд зориулалтын дагуу тохижуулсан ажлын байртай байх) байхаар тусгажээ. Цахимаар бооцоот таавар зохион байгуулах бол мэдээлэл, технологийн дэд бүтэц нь тасралтгүй, найдвартай ажиллах, аюулгүй байдлыг хангасан байх, Монгол Улсад байршилтай сервертэй байх, мэргэшсэн хүний нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.


Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Сангийн сайдаас ирүүлсэн саналын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгохоор тусгасан бөгөөд хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй (үүнд өөрийн өмчийн ажлын байртай) байхаар, мөн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан байна.

Түүнчлэн хонжворт сугалаа зохион байгуулагчид сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох, сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын хөрөнгийн тодорхой хэсгийг хонжворт сугалаа зохион байгуулагч банкны тусгайлсан дансанд байршуулах зэрэг шаардлагуудыг тусгаж, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.

Татварын хувьд бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанаас олсон орлогод бооцоот таавар, хонжворт сугалааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 30 хувиар Онцгой албан татвар ногдуулахаар, хожсон тоглогчид хонжворын 20 хувьтай тэнцэх хэмжээний хувь хүний орлогын албан татвар ногдуулах юм байна. Эдгээр үйл ажиллагааг хууль, журмын зохицуулалтгүйгээр эрхлэх нь нийгмийн дэг журам, хүүхдийн эрх, оролцогчийн эрхийг зөрчих тул үйл ажиллагааг тодорхой нөхцөл, шаардлага, хяналтын дор, онцгой татвартайгаар эрхлэх нь зохистой гэж үзсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Үргэлжлүүлэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дэлхийн жишгээр бооцоот морин уралдаан нь тодорхой хяналттайгаар эрхлэхийг зөвшөөрдөг мөрийтэй тоглоомын нэг төрөл бөгөөд улс орнуудын онцлогоос хамааран энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн болон ашгийн бус загвараар явуулдаг байна.

Ашгийн бус загвар нь Хонг Конг, Солонгос, Японд төрийн байгууллагын дэргэд, төрөөс тусгайлан нэг этгээдэд олгосон эрхийн доор энэ төрлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд харьцангуй өндөр татвар тогтоодог байна.

Харин Америкийн Нэгдсэн Улс, Их Британи зэрэг улсад ашгийн загвартай бөгөөд морин тойруулга нь хувийн өмчид байхаас гадна ашиг олох зорилготой үйл ажиллагаа гэж үзэх тул бизнесийн орчин харьцангуй чөлөөтэй, татварын хувь хэмжээ бага байдаг байна.


Монгол Улсын тухайд бооцоот морин уралдааныг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн бус загвараар явуулахаар хуулийн төсөлд бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоолоо.

Бооцоот морин уралдааныг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан, зориулалтын тоног төхөөрөмж бүхий морин тойруулгын цогцолборт зохион байгуулахаар заасан бөгөөд морин тойруулгын ажилтан нь энэ төрлийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байхаар тусгажээ.

Бооцоот морин уралдааны үйл ажиллагаанд дагаж мөрдөх “морин тойруулгын дүрэм”, “бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал”, “бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм” зэрэг холбогдох дүрэм, аргачлалыг Холбоо батлахаар заасан бөгөөд бооцоот уралдаанд уралдах морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг “бооцоот морин тойруулгын дүрэм”-ээр тогтоохоор тусгасан.

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг уралдааны чадвар, дадлыг эзэмшүүлэх коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглосон.

Мөн бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морин тойруулгын дүрмийн дагуу морио уралдуулах боломжтой бөгөөд Холбооны гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно.

Түүнчлэн бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгохоор заасан байна.

Татварын хувьд бооцооны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд тоглогчийн хонжворын орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Мөн холбооны төлсөн онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

Х.Нямбаатар сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авсан. Төслийн танилцуулгатай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд Бооцоот морин уралдааны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ