МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2023.01.19
Хууль, эрх зүй

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Төслөөр казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ. Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав.

Казино эрхлэгчийг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад байгаа аж. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгах юм байна.

Хуулийн хэрэгжилтийг энэ багц хуулийн дагуу байгуулагдах мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл хариуцан, хангах бөгөөд зөвлөлийн ажлын албанд улсын байцаагч ажиллаж, хяналт тавих аж.

Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож 7 хоног бүр төрийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоожээ.

Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Казино эрхлэгчийн төлөх онцгой албан татварыг өндөр тогтоосон тул давхардуулан ААНОАТ, НӨАТ ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Казино эрхлэгчийн төлсөн татварын зарим хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг хориглох тухай төслийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэж заасантай зөрчилдөж байгааг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Үндсэн хууль дахь зохицуулалтыг харьцангуй утгаар ойлгох ёстой гэдэг байр суурийг салбарын сайд хэллээ.

Үндсэн хуулиар иргэдийн зорчих, ажил хөдөлмөр эрхлэх, эвлэлдэн нэгдэх гээд олон эрх нээлттэй боловч салбарын, органик хуулиудаар тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байдгийг тэрбээр дурдав. Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн. БНСУ ч манай улстай адил эдгээрт нэгдсэн хэдий ч нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа казинод иргэдээ орохыг хориглож, хязгаарласан байдаг жишээ дурдсан юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ төрлийн бүтээгдэхүүнийг бий болгохын тулд иргэдийн хүсэн хүлээж буй шаардлагад нийцүүлж, эхний ээлжинд дээрх төрлийн хязгаарлалттай казиног нээх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эдийн засгийн ач холбогдолтой энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орондоо бий болгож, сөрөг үр дагавараас нь иргэдээ хамгаалах агуулгаар дээрх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгээ тайлбарлав. Төслийг боловсруулах явцад холбогдох судалгаа, тооцоолол, тандалтыг хийсэн бөгөөд хэдийгээр хориотой ч гэсэн цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэдийн асуудал бий, тэдгээрийн хор уршиг үргэлжилсээр байгааг сайд дурдаж байв. Засгийн газраас төсөлд дээрх шалтгаанаар холбогдох зохицуулалтыг тусгасан ч Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад гишүүд саналаа тусгах боломжтой гэлээ. Дэлхийн 156 орон 5825 казино үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг ажлын хэсгээс өгч байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөлийн талаар, мөн харьяалах яамны талаар тодрууллаа. Төсөл дэх зохицуулалтыг олон улсын дундаж жишгээр боловсруулсан бөгөөд эхний ээлжинд нэг тусгай зөвшөөрлийг олгоод, хуульд заасан татвараа авахаас бусдаар үйл ажиллагаанд нь төрөөс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзсэн гэв. Мөн энэ төрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийг олон улсын жишгээр байгуулахаар төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд тайлбарлав.

Тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгож буй шалтгаан нь хөрөнгө оруулалт нь 300 сая ам.доллароос доошгүй байх бөгөөд энэ нь бодит бүтээн байгуулалт болох тул тусгай зөвшөөрлийн хугацааг ийн тогтоох нь оновчтой хэмээн үзсэн байна. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Макаод энэ төрлийн тусгай зөвшөөрлийг 25 жилээр олгодог болохыг тэрбээр дурдаж байв. Түүнчлэн олон улсын нийтлэг стандартаар казино байгуулахын тулд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах шаардлагатай бөгөөд цогцолборын 20 хувийг л казино эзлэх ёстой байдаг байна.

Энэ тооцоолол дээр үндэслэж, хугацаа болон хөрөнгө оруулалтын босгыг тодорхойлсон гэв. Тухайн казинод хууль тогтоомжуудыг зөрчихгүй байх нэн тодорхой шаардлагыг л тавьж байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд хэлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд бусад оронд 18-22 хувийн татвартай байдаг атал төсөлд татварыг 40 хувь гэсэн байгаа нь хэт өндөр хэмээн үзэж байгаагаа, мөн бусад чөлөөт бүсэд байгуулах асуудлыг нээлттэй болгох нь зүйтэй гэв.

Аялал жуулчлалын энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд ямар оролцоотой байх талаар, түүнчлэн үйл ажиллагаа эхлэх хугацааг хэдийд хэмээн тооцож байгааг Э.Бат-Амгалан гишүүн лавлан асуусан юм. Дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч талтай консорциум болж ажиллах нь нээлттэй, тусгай зөвшөөрлөө Засгийн газраас авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа хэмээн Х.Нямбаатар сайд хариулсан.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь 1000 га газар бөгөөд дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа, бүсэд дотоодын олон мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэх боломжтой гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, монгол хүн казино тоглох нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шалтгаан нь байсан гэдгийг хэлээд, төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ монгол хүн казинод орохыг хориглох ёстой гэдэг байр суурьтай байгаа гэв. Казино байгуулснаар аялал жуулчлалын кластер бий болгох ач холбогдолтой, харин Засгийн газраас нэг зөвшөөрөл олгох нь өрсөлдөөнгүй болгож байна хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

Өрсөлдөөн нь энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, амжилт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Дээрх хэмжээний хөрөнгө оруулалтын босготой учраас тухайн хөрөнгө оруулалтад баталгаа өгөх үүднээс эхний ээлжинд нэг зөвшөөрөл олгох нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарласан. Төслийн 13.1.1 дэх заалтыг дэмжиж байгаагаа Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Гэхдээ казинод орохыг хориглосон ч монголчуудын цахимаар мөрийтэй тоглож байгаа асуудлыг анхаарах шаардлагын талаар, мөн 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын үнэлгээний талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын иргэд цахим мөрийтэй тоглоомын нэг л платформ дээр сар тутам 30 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байгаа гэх тоон мэдээллийг Х.Нямбаатар сайд дуулгаад, Цахим хөгжлийн яам болон холбогдох газрууд хамтран арга хэмжээ авахаар ажиллаж байгааг мэдээлсэн. Гишүүний тодруулсны дагуу казино байгуулснаар 15-20 мянган ажлын байр бий болно гэх урьдчилсан тооцооллыг хийснээ ажлын хэсэг танилцууллаа.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 54.5 хувь нь Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ