2023.01.12
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Эрх бүхий албан тушаалтнууд нүүрсний экспортод оролцдог эсэхийг шалгаж тогтоосон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-аас зохион байгуулсан. Энэхүү сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Нүүрсний хулгайн асуудлаар ерөнхий сонсгол зохион байгуулсан. Үүн дээр яригдсан асуудлын шийдэл болгож УИХ-ын тогтоолын төсөлд оруулж байна. Ялангуяа ногдол ашгийг иргэдэд хуваарилах, Засгийн газраас тавьж байгаа опптейк гэрээнүүдийг ҮАБЗ-өөс шийдвэр гаргаж шийддэг байдлыг зогсооё. Үнэхээр гэрээ хийх шаардлагатай бол УИХ-аар нээлттэй ярилцъя. Цаашилбал олон жил яригдаж байгаа Баялгийн сангийн хууль, нордек загвар, Скандинавын орнуудын баялгийн сангийн менежментийг сайжруулж байгаа сайн туршлагаар явуулах болон хуулийнхаа асуудлыг түргэвчлэх тухай чухал санал орж ирж байна.

Ногдол ашиг 1072 хувьцаа эзэмшиж буй иргэдэд олгохдоо, төрийн өмчийн оролцоотой холбоотой хүмүүсийн сэтгэл, хариуцлага, үнэнч шударга байдалтай холбоотой асуудал гараад байна. Эрдэнэс тавантолгой компани ашиглалтад орсноос хойш 12,5 их наяд төгрөгийн орлого олоод түүнээс 7,5 их наядын худалдан авалт хийсэн. Хэд дахин нугалж худалдан авалт хийсэн дүн харагдаад байна. Тийм болохоор компанийн ил тод, нээлттэй байх, засаглалыг сайжруулахтай холбоотой асуудал яригдана.

Төрийн албыг төрлийн алба болгодог, хувийн алба компаниараа дамжуулан төрийн худалдан авалтад оролцдог. Түүнчлэн төрийн зээл, бондоос авдаг асуудлыг зогсоох тухай олон парламентын бүрэн эрхийн хугацаанд ярьж, хэлж, шаардаж ирсэн. Арав гаран жил ярьсны эцэст жигдрэх юмандаа орж байх шиг байна.

Эрх бүхий албан тушаалтнууд, хууль хяналтынхан ирээд ямар тодорхой зүйлүүдийг хэлэв. Тухайлбал тээвэртэй холбоотой компаниудын ард эрх мэдэлтнүүдийн машин болон тээврийн компаниуд явдаг гэж байгаа.

Түүнчлэн төрийн өмчийн компаниудын нүүрсний гэрээнүүдийг хийсэн, гэрээг хийхэд нөлөөлсөн төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс тодорхой болсон уу. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

                                                                                                                

ШИНЭ МЭДЭЭ