МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо хуралдав
2023.01.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо хуралдав

Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр (2023.01.11) хуралдав.

  Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийн тухай танилцууллаа. Түр хороо таван дэд ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажилласан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Мал эмнэлэгийн чиглэлээрх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар тус тус ахалж ажилласан байна. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлтийг нэгтгэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг боловруулсан байна.

Тогтоолын төсөлд эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Засгийн газарт зургаан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ. Тодруулбал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2023 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийг олгохдоо Монгол Улсын Хөгжлийн бодлого, эдийн засгийн төрөлжилт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар зүйн байршил, кластерын тогтолцоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг харгалзан үзэх; хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, зээлийн 10-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх, мөн Засгийн газрын хариуцан төлөх зээлийн хүүг эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тогтоож, шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгах; хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй”, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зэрэг гадаадын зээл тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлэх; хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан санхүүжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулж батлуулах, стандартын шаардлага хангасан үржлийн малыг тусгайлан тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан, гар тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлэх, малын төрөл, ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн Түр хорооны ажлын дэд хэсэг үзсэн бөгөөд үүнийг тогтоолын төсөлд тусгажээ.

  Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорын ахалж ажилласан ажлын дэд хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт үүрэг болгохоор Улсын Их Хурлын Түр хорооны тогтоолын төсөлд тусгасан болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөхийн зэрэгцээ тогтоолын биелэлтийг 2023 оны намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

  Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ж.Батжаргал гишүүн төсөл дэх нэр томьёотой холбогдуулан санал хэлсэн бол Ц.Туваан гишүүн хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 4.0 хувиас илүүгүй байх саналыг гаргав.

Мөн энэ оны улсын төсвөөс санхүүжүүлэх төлөвлөлт, шийдлийн талаар Монголбанкны удирдлагаас тодруулж, хариулт авсан. Төсөлд тусгасан “зээлдэгчийн төлөх хүү 3.0-5.0 хувь” гэдэг нь олон улсын өнөөгийн жишгээр хамгийн бага гэдэг тайлбарыг ажлын хэсгээс хийв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар Түр хорооны тайлангийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ц.Туваан нарын гаргасан саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны тайлан, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ