Сумын ЗДТГ-т тасралтгүй 5 ажил ажилласан төрийн албан хаагч 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна
2022.11.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сумын ЗДТГ-т тасралтгүй 5 ажил ажилласан төрийн албан хаагч 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нарын гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж сумын ЗДТГ-т тогтвор суурьшилтай ажиллаж буй төрийн албан хаагчид 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох тухай санал дэмжигдлээ.

Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох бөгөөд 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.0 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 1.0 тэрбум төгрөг шаардагдах ажээ.

ШИНЭ МЭДЭЭ