2022.10.20
Хүний эрх

Б.Энхбаяр: Алдаатай хууль батлав уу эсвэл хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Энэ хуулийг санаачилж, УИХ дээр энэ талаар ярих боломж олгосон Б.Пүрэвдорж гишүүнд баярлалаа. Учир нь УИХ зөрчлийн хуулийг гаргахдаа иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө гэсэн шийдвэр огт гаргаагүй. Ийм заалт огт байхгүй. Бид НҮБ-ийн өмнө хүлээсэн үүрэгтэй Ардчилсан улс орон. Энэ утгаараа хүний үзэл бодлыг шоронжуулахгүй гэдэгт МАН ч тэр, Ардчилсан нам ч тэр аль аль нь манлайлж зогсдог. Ийм шинжийн аливаа өөрчлөлт орохыг эсэргүүцэж, таслан зогсоодог. Тухайлбал, хаврын чуулганаар эрүүгийн хэрэгт доромжлохыг гэмт хэрэгт тооцъё гэдэг заалтыг парламентын гишүүд нам үл харгалзан таслан зогсоосон.

Гэтэл ийм шийтгэл зөрчлийн хуульд байхгүй байтал. Б.Пүрэвдорж гишүүний бидэнд тараасан судалгаа материалд 300 гаруй хүнийг зөрчлийн хуулиар торгочихжээ. Ингэхдээ "ковид-19" цар тахлын үеэр торгосон байгаа юм. Энэхүү судалгаанаас гайхал төрүүлсэн зүйл нь 300 гаруй иргэдийг хаана ямар цагдаа торгов гэх асуулт гарна. Үүнээс хамгийн их нь Дорноговь аймгийн цагдаагийн газар 157 гэнэ. Шийтгэлийн тал нь Дорноговь аймагт торгуулж. Дараа нь Баянхонгор аймаг, удаах нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Зарим аймаг дүүрэгт огт торгоогүй байна. Тэгэхээр асуудал хуульд байна уу, хуулийг хэрэгжүүлэгчдэд байна уу?

Нугалаа завхрал аль талдаа гарчхав аа. Үүнд нухацтай дүгнэлт хийх ёстой. Хууль тогтоогч бид хууль тогтоохдоо алдаа гаргав уу эсвэл хууль хэрэгжүүлэх явцад алдаа гаргав уу. Үүн дээр хууль санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж ямар санал дүгнэлттэй байна. Үүнд хариулт өгнө үү?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ