МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Ямар нийгэмд амьдрахыг хүснэ, түүнийгээ бүтээлцэхийн тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой
2022.10.17
Улстөр

Х.Булгантуяа: Ямар нийгэмд амьдрахыг хүснэ, түүнийгээ бүтээлцэхийн тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа. Хүн амьдралынхаа турш суралцах ёстой. Тэр дундаа академик мэдлэгийг 10 жил тутамд авч, мэдлэгийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж тэр үздэг. УИХ-ын хаврын чуулганы завсарлага, зуны амралтаараа Стэнфордын их сургуульд суралцаж, мэдлэгийн шинэчлэл хийгээд ирсэн түүний явсан газар, сурсан эрдмийн зах зухаас сонирхсоноо уншигч танаа хүргэж байна.

Боловсрол бол залуу хүний эрхэм гоёл. Өсвөр насны хүүхдүүдэд сурч боловсрох, ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход нь чиг баримжаа олгох, эх оронч үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг өнгөрсөн жил анх удаа амжилттай хэрэгжүүлсэн бол энэ жил хоёр дахь элсэлтээ авч байна. Энэ талаар мөн өгүүлэх болно.

-Та УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог даргалдаг. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилготой нэгдмэл агуулга бүхий “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн нэг нь танай дэд хороо. Хүүхдүүдийг ирээдүйн хууль тогтоогч, улстөрч болгохоор бэлдэж буй хэрэг үү?

-Ардчилсан нийгэмд иргэдийн идэвх оролцоо чухал байдаг. Шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ дуу хоолойг хүргэх, иргэдийн идэвх, санаачилгыг дэмжих, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхийн тулд улс орнууд хүүхэд наснаас нь эхлээд нас насны онцлогт тохирсон хөтөлбөр хэрэгжүүлдэг. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилга, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр 2021-2022 оны хичээлийн жилд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт өнгөрсөн жил Монгол орны өнцөг булан бүрээс 9-11-р ангийн 1000 орчим хүүхэд материалаа илгээсэн бол энэ жилийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын хүсэлтийг хүлээн авч, сонгон шалгаруулах ажилдаа манай багийнхан ороод байна.

Бид ирээдүйн улстөрч, дарга, сайдыг бэлдэх гэсэн юм биш. Хүн ямар нийгэмд амьдрахыг хүснэ, түүнийгээ бүтээхийн тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой гэж би боддог. Өсвөрийн парламентын хүүхдүүд ийм хүмүүжил, төлөвшилтэй болоосой гэж хүссэн. Хөтөлбөр нь хүүхдүүдэд тогтвортой хөгжлийн зорилгын талаар мэдлэг өгч, түүнийг хэрэгжүүлэхэд өсвөр насныхны санаачилгыг дэмжих, төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар таниулах зорилготой юм. Аль нам нь ч эрх барьсан энэ хөтөлбөр хэрэгжээсэй гэж хүсэж байна.

-Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар иргэдийн ойлголт мэдээлэл ямархуу байна вэ?

-Хөгжиж байгаа орнууд Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын зорилго мэтээр ойлгох нь бий. Гэтэл ядуурлаас ангижрах, эрүүл мэнд болон чанартай боловсролыг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах гэх мэт нь монголчууд бидний л зорилго байх ёстой. НҮБ болон хөгжлийн түнш байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилгыг бүх насныханд таниулах, үүнд иргэдийн оролцоог дэмжихийг эрмэлзлэг. Тиймээс ч “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан анхнаас нь дэмжиж, бидэнтэй хамтран ажилласан.

2015 онд Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-аас баталж, энэ 17 зорилтыг улс орон бүхэн өөр өөрийн хөгжлийн бодлогод нийцүүлэн үндэсний зорилго болгож дэвшүүлэхийг уриалсан. Монгол Улс үүнийг нутагшуулсан эхний улсуудын нэг болж 2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Монгол Улс тогтвортой хөгжлийн 17 зорилгын далай тэнгистэй холбоотойгоос бусад бүх зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ бол бид НҮБ-ын өмнө биш, эх орон, эх дэлхий, хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг. Гэвч хэрэгжилт нь учир дутагдалтай байна. Байгаль орчин доройтож, ядуурал, тэгш бус байдал нэмэгдсээр байна.Үүнд Ковид-19 цар тахал ч хүчтэй нөлөөллөө.

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхдүүд цогц мэдээлэл авч, үе тэнгийнхэн дундаа нөлөөллийн ажлууд зохион байгуулжээ.

-Хүүхдүүд маань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр аймаг орон нутаг, сум дүүрэгтээ нөлөөллийн ажлууд, сургалтууд хийсэн. Зарим нь контент хийж нийгмийн сүлжээгээр цацсан байсан нь өсвөр үеийнхэн энэ талаар ямар их сэтгэл зовниж явдаг нь харагдсан.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд илүү их нэрвэгдэх эрсдэлтэй. Байгалийн гамшиг, зудын давтамж улам ойртоно. Үүнд бид бэлэн үү? Дэлхийн улс орнууд даатгалын тогтолцоогоо сайжруулж байна. Хүмүүсийн аж амьдрал, эдийн засаг нь байгаль орчноос хамааралтай улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүү их нэрвэгдэнэ гэж үзэж байгаа. Монголчуудын гуравны нэг нь мал аж ахуй эрхэлдэг. Өвөл нь зудтай, зун нь гантай байвал малчдын амьдрал ахуйд яаж тусах вэ. Үүнийг дагаад гантай жилүүдэд хот руу чиглэсэн нүүдэл нэмэгддэг. Тэр хэрээр хотын дэд бүтцийн хүртээмж муудаж, ажилгүйдэл ядуурал хүрээгээ тэлнэ.

Байгаль орчин хувьсан өөрчлөгдөж байгааг хүн бүр мэднэ. Би Архангай аймагт төрж, өссөн. Бидний багад эргээрээ халин урсдаг байсан гол ширгэсэн, усны түвшин маш их багассаныг, мод сийрэгжсэнийг харахад үнэхээр гунигтай. Архангай үйлдвэржсэн, жуулчдын хөлд тэгтлээ дарагдсан аймаг биш шүү дээ. Гэтэл ингэж эрс гундана гэдэг уур амьсгалын өөрчлөлтийн илрэл.

-Үүнд хүүхдийн оролцоо яагаад чухал гэж?

-Үүнийг яагаад “Өсвөрийн парламент”-тай уясан бэ гэхээр бид хүүхдүүдээсээ асуух хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Influencer growth index” буюу оролцоотой өсөлтийн индексээрээ дараагийн үед буюу үеэс үе дамжсан үзүүлэлтээрээ Монгол Улс тааруухан явж байна. Жишээлбэл, өрийн хэмжээ. Хойч үеийнхэн маань “Та нар өр зээл тавьж болж байгаа юм уу?” гэж биднээс асуух эрхтэй. Агаар дахь CO2 өндөр байна. Энэ мэт асуудлууд хойч үед өр шиг өвлөгддөг.

-Бид эцэг өвгөдөөсөө онгон дагшин байгаль, байгалийн баялаг өвлөн авсан. Харин хойч үедээ өр өвлүүлэх болчихоод байна. Энэ хэвийн үзэгдэл үү?

-Мэдээж хэвийн зүйл биш. Зөв зүйлийн төлөө зээл авсан бол жишээлбэл, Монгол Улс илүү их өрсөлдөх чадвартай болсон, иргэдийн эрүүл мэнд сайн хангагдсан, боловсролтой, дэд бүтэцтэй, эдийн засгийн хувьд чадамжтай, байгаль орчны доройтол харьцангуй гайгүй тохиолдолд бага зэрэг өртэй байх нь тийм муу зүйл биш. Бусад нөхцөлүүд нь дордоод, давхар өр үлдээж байгаа бол дараагийн үе үүнийг давахад хэцүү. Өрөө дарахын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй, илүү их ажиллах гэтэл өвдөх үе ирнэ. Хүн амын насжилтын бүтцээр 2030 оноос Монголд хүн амын хөгшрөлт эрчимтэй нэмэгдэнэ.

Дээр нь мэдлэг боловсрол хангалтгүй бол, үйлдвэрлэл хөгжөөгүй бол яах вэ. Тэгвэл дараагийн үе энэ өрийг төлж чадахгүй.

Жишээлбэл, Япон улс дэлхийн II дайны дараа маш их өр тавьсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцвол 60 тэрбум долларын өр тавьсан. Гэхдээ энэ зээлийн санхүүжилтийг маш зөв зарцуулсан. Гол гол дэд бүтцээ тавьсан, аж үйлдвэрээ хөгжүүлсэн. Дэлхийд өрсөлдөх чадвартай өнөөгийн Япон улс бий болгох үндэс суурийг зээлийн санхүүжилтээр тавьж чадсан юм. Хэрэв бид зээл аваагүй бол Япон дэлхийн II дайны дараах янзаараа, эдийн засгийн өсөлтийн хурд маш удаан байхсан гэж Шинзо Абэ нэг хурал дээр хэлсэн. Бизнес хийж байгаа хүн ч гэсэн өөрийн мэдлэг, чадвар, компанийнхаа засаглалд итгэлтэй байгаа тохиолдолд бага хүүтэй зээл олдвол авна шүү дээ.

Чанаргүй будаг, барилгын материал, тавилга эд хогшил ч дотор орчны агаарын чанарыг муудуулдаг

-Өнгөрсөн жилийн “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилготой уялдуулж хийсэн байна. Энэ жилийн хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Энэ жил уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний талаар танилцуулах юм. 2021 оны намрын хөтөлбөрт “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” санаачилга, 2022 оны хаврын хөтөлбөрт “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” сэдвийг сонгосон нь Уур амьгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Хуурай газрын эко системийг хамгаалах, Ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих, Эрүүл мэндийг дэмжих, Чанартай боловсролыг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн олон зорилттой уялдуулж байна.

Хөтөлбөрийн хичээлийг салбар салбартаа тэргүүлэх эрдэмтэн, судлаачид зааж, хөтөлбөрийн оролцогчид үе тэнгийнхэн, аймаг, сум, дүүрэгтээ сурсан мэдсэнээ таниулах дадлагын болон олон нийтийн ажлыг хийсэн. Энэ хөтөлбөрөө Гэр бүл, хүүхэд залууяуудын хөгжлийн газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

Үе тэнгийнхэндээ хүргэх видео контент бүтээж, аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт хүргэж, орон нутгийн телевизтэйгээ хүртэл хамтран ажиллаж мэдээллээ хүргэсэн байна лээ. Мөн гадаад хэл хэрхэн сурах, сэтгэлзүйн эрүүл мэндээ яаж хамгаалах, тэтгэлэг яаж авах зэрэг хувь хүний хөгжлийн сургалтууд ч орсон. Энэ жилийн хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний талаар танилцуулах юм. Монголчууд бид эрчим хүчний хэмнэлтийн талаар ойлголт багатай. Дэлхий даяар аль хэдийнэ эрчим хүчний хэмнэлтэд шилжсэн, нэн чухал сэдэв болоод байна.

-Хөтөлбөрт яагаад 12-р ангийнхныг хамруулаагүй вэ? Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдэд ямар эерэг өөрчлөлт гарсан бол?

-12-р ангийнхан ЭЕШ-даа бэлтгээд завгүй байдаг учир хөтөлбөр 9-11-р ангийнханд илүү тохиромжтой гэж үзсэн. Мөн хүүхдүүдийн мэргэжил сонголтод ч чухал юм гэж үзсэн. Хүн амтай нь харьцуулж Увс, Ховд аймгаас тус бүр гурав, Баянзүрх дүүргээс таван хүүхэд гэх мэт сонгон авснаас гадна Скаутын холбоо зэрэг хүүхдийн оролцооны 14 байгууллагыг хамруулж, нийт 1000 орчим сурагчаас 90 сурагчийг бичсэн эссэ, видео контентоор сонгон шалгаруулж авсан. Экологийн боловсролын хичээлийг МУИС, Экологийн боловсролын төвтэй хамтарч, Эрүүл хооллолтын сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтарч хийсэн.

Хүүхдүүдийн ээж, аавуудаас талархлын үгтэй зурвас, захидлууд олноор ирсэн. Хүүхдүүдэд ээж, аавын сургамжаас илүү үе тэнгийнхэн, найз нөхдийнх нь үг хүрдэг. “Өглөөний цайгаа уугаач!” гэж ээж, аав нь хэлсэн ч анзаарахгүй яаран гардаг байсан хүүхдүүд өөрөө өглөөний цайгаа бэлдэж уугаад хичээлдээ явдаг болсон. Гэр бүлийнхэндээ өглөөний цай, зөв хооллолтын ач холбогдлыг таниулж, гэр бүлээрээ амьдралын зөв хэвшилд суралцаж байна. Хүүхдэд нь гарсан энэ эерэг өөрчлөлтүүдийг “Бидний хийж чадаагүйг та бүхэн хийлээ” гэж баяр хүргэж байсан.

-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс хүрээлэн буй орчиндоо ээлтэй ямар сайн санаачилгууд гарсан бэ?

-Хүүхдүүдийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, БОАЖЯ-тай хамтарч байгаль орчны аппликэйшн хийлгэж байна. Апп-ыг дараа нь БОАЖ хөтлөн авч явах юм. Ирэх зунаас эхлэн хүмүүс аялалд явахын өмнө гар утсандаа татсанаар байгаль орчны эсрэг зөрчлийг мэдээлж болно. Утасныхаа байршил заагчийг асаасан бол уг зөрчил хаана гарсан нь харагдана. Зөрчлийн мэдээллийн дагуу тухайн байршлыг хариуцсан байгаль хамгаалагчид төвөөс нь мэдэгдэж, зөрчлийг арилгуулна.

Мөн БОАЖЯ, ОБЕГ зэрэг холбогдох байгууллагаас байгаль орчны мэдээлэл, зөвлөмж дамжуулдаг иргэд, төр засгийг холбох дундын платформ болох юм. Дээр нь БОАЖЯ-наас өргөжүүлж, аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг хүргэж байя гэсэн. Манай хөтөлбөрийн хүүхдүүдийн санаачилга үндэсний хэмжээний ажил болоход ойрхон байна. Хүүхдүүд маань 21 аймаг, есөн дүүргээс найз нөхөдтэй болж, “Найрамдал” зусланд гурав хоног чуулганаа хийлээ. Тэр үеэр НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн дарга оролцоод, монгол хүүхдүүдийн идэвх санаачилгыг өндрөөр үнэлсэн. 2023 оноос НҮБ-ын тусгайлсан хөтөлбөр болгож явуулахаар, мөн Монгол Улсын туршлагыг бусад улс оронд нутагшуулахаар ярилцаж байна.

-Хүүхдүүд гаргасан санаачилгаа УИХ-д өргөн мэдүүлсэн гэсэн. Ямар санал дэвшүүлсэн бол?

-Бид амьдралынхаа бүх цагийн 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Хамгийн хямд барилгын материалаар барьсан байр орон сууц, чанарын шаардлага хангахгүй будгаар сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийдэг, тавилга эд хогшил тавьдаг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн хавар бид “Өсвөрийн парламент”-ынхны санаачилгыг УИХ-д уншиж танилцуулсан. Энэ нь УИХ-ын гишүүдийн хувьд ч бараг шинэ сэдэв байв.

Энэ сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулж, БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн сургууль цэцэрлэг, эмнэлгийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг хийлээ. Байгаль орчин Гааль, Мэргэжлийн хяналтынхан ажиллах барилгын материалын тусгайлсан лабораторийг Замын-Үүдэд барьж байна. Мөн БХБЯ, БШУЯ хамтарч боловсролын байгууллагуудын барилгын материалын стандартыг батлахаар ажиллаж байна. Ямар ч стандарт байхгүй учир хамгийн хямд материалаар сургууль цэцэрлэгийн засвар, үйлчилгээг хийж байгааг өөрчлөх ёстой.

Чанаргүй будаг, барилгын материал, тавилга эд хогшил ч дотор орчны агаарын чанарыг муудуулдаг. Химийн дэгдэмхий бодисуудыг ялгаруулдаг чанар муутай барилгын материалаар тавилга эд хогшил хийвэл бид түүнээс аажим аажмаар хордоно. Хоёрдугаарт агаарын сэлгэлт муу. Сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн газрын агааржуулалт хамгийн сайн байх хэрэгтэй. Агаарын сэлгэлт муу ангид нэг өвдсөн хүүхэд орж ирэхэд ангиараа өвдөнө.

Гэр хорооллын цэцэрлэгүүд өвөлдөө цонх онгойлгох боломжгүй битүү утаан дунд байдаг. Тиймээс гаднаас агаар сорж цэвэршүүлээд дотогш нь шахаж, буцаад дотроос нь бохир агаар орж гадагшлуулдаг системтэй байх ёстой гэж НҮБ-аас зөвлөдөг. Тийм агааржуулалтын систем Баянзүрх дүүргийн хэд хэдэн цэцэрлэгт бий. Агааржуулалтын систем суурилуулахын өмнө багш, ажилчид маш их ядарч, толгой нь өвддөг байсан бол агааржуулагчтай болсноор ядрах нь эрс багассан гэж ярьсан.

Хүүхдээ цэцэрлэгээс авахаар очиход анги нь бүгчим, хүүхдийн нүдний дор хөхөрсөн, цонх нь хөлөрсөн байдаг даа. Тэр бол агаар сэлгэлт явагдахгүй дотор агаарын чанар муу байгаагийн илрэл. Үүнийг сайжруулахгүйгээр хүүхдийн өвчлөл, ханиад томуу буурахгүй гэж анхааруулсан. Асуудлыг гаргаж тавьж, ярьж байж үр дүнд хүрнэ. Хил хаалттай, барилгын материалын үнэ өссөн үед заавал өндөр үнэтэй материал авах шаардлага тавилаа гэсэн эсэргүүцэл ч их байна. Зөв зүйлийг хийхэд буруу цаг байх ёсгүй гэж би боддог.

Арван жилд нэг удаа эрдэм мэдлэгийн шинэчлэлийг системтэйгээр авч байх хэрэгтэй

-Та УИХ-ын хаврын чуулганы завсарлага, зуны амралтаараа Стэнфордын их сургуульд сураад ирлээ. Ямар олз омогтой ирэв ээ. Танай ангийнхан дунд хаанаас ирсэн, ямар сонирхолтой хүмүүс байв?

-Хүн үхэн үхтлээ сурах ёстой гэж боддог. 10-20 жилийн өмнө сайн дээд сургууль төгссөн ингээд боллоо гэж ханаж боломгүй. Стэнфордын их сургуулийн Draper Hill хөтөлбөрт жилд 500-700 хүн хүсэлт гаргадаг. Би өнгөрсөн өвөл материалаа өгч 100 хувь тэтгэлэгтэй сурахаар тэнцсэн юм. Манай улсаас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн М.Батчимэг агсан суралцаж байсан юм билээ.

Стэнфордын их сургууль ялангуяа олон улсын харилцааны чиглэлээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Шульц, Кондолиза Раис зэрэг олон алдартныг төрүүлсэн. Олон улсын харилцаа, засаглал, ардчиллыг бэхжүүлэх чиглэлийн энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ дэлхий өнцөг булан бүрээс олон зуун хүн гаргадгаас 25 улсын дундаас дээш албан тушаал хашиж буй 31 хүн тэнцэж, гурван долоо хоногийн турш суралцсан.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрхийн хуульч, Соросын сангийн тухайн улсынхаа суурин төлөөлөгч, Африкийн болон Латин Америкийн орнуудаас улс төрийн намуудын гишүүд, Мексикийн Конгрессийн гишүүн байсан эмэгтэй, Сингапурын Парламентын гишүүн, Татварын байгууллагын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлд ажилладаг хүмүүстэй нэг анги болж суралцлаа. Өдөр бүхэн өөр өөр сэдвээр уншиж, судлахад сонирхолтой байлаа. Оюутны ширээнээс хэсэг завсарлаж байгаад суусан учир өдөр бүр 40-60 хуудас, заримдаа 100 хуудас уншиж, тэмдэглэхэд эхэндээ ч чардайсан шүү.

-Ямар хичээлүүд заасан бэ?

-Стэнфордын их сургуулийн Биохимийн сургуулийн профессор ковидын дараах биологийн дайн дэлхийд ямар шатандаа байна. Ийм үед улс орнууд ямар бодлого барих ёстой, бид өнгөрсөн хугацаанд юун дээр алдсан, оносон талаар яриа хийлээ. Стэнфордын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор ядуурлаас гарахын тулд улс орнууд ямар бодлого баримталж байна, олон улсын байгууллагууд судлаачдын байр суурийг танилцууллаа. National Endowment for Democracy сан нь ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг Америкийн том сан бий. Энэ сангийн ерөнхийлөгч лекц уншлаа. Цөмийн зэвсэгтэй улс орнуудтай хэлэлцээр хийдэг багаас хүн ирж, хэлэлцээрүүд хэрхэн яаж явагддаг, одоо ямар арга хэмжээ авч буй талаар лекц уншлаа.

-Олон улсын олон мэргэжлийн хүмүүстэй нэг анги болж ярилцаж явахад тэдгээрээс авах болон өөртөө дүгнэлт хийх ямар зүйлүүд гарч байв?

-Ардчиллыг бэхжүүлж засаглалыг сайжруулна гэдэг нь төр, иргэний нийгмийн байгууллага, улс төр, эрдэмтэн судлаачид бүгдийн оролцоон дээр тогтоно. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилд ардчилал дэлхий даяараа ухралтад орсон. Ардчиллын талаар хүмүүстэй ярилцаж байхад зарим үзүүлэлтээрээ манай улс сайн байна. Жишээлбэл, Бразил бол Латин Америкийн хамгийн том газар нутагтай, хөгжсөн орон атал ардчиллын хувьд ухралтад орлоо. Арьс өнгөөр ялгаварлан хүний эрх зөрчиж байна. Улс төрийн намуудын дарангуйлал гарах боллоо гэх мэтээр болгоомжилж байна.

Америкийн ардчиллын тухай судлаачид бас яриа хийлээ. “Америкийн ардчилал ч маш том ухралтад орлоо, бид үүнийг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл “Аmerica only” гэдэг ойлголт дэлхий дахинд “Америк амиа бодно” гэж ойлгогдлоо. Олон улсын хамтын ажиллагаа маань дэлхий даяар суларлаа. Энэ цаг үед дэлхийн олон оронд ардчилал хурдтайгаар ухралтад орлоо. Засаглалд хуулиар засаглах, шүүх засаглал сайн яваа улс орнуудын тухай Стэнфордын их сургуулийн Хуулийн сургуулиас багш нар ирж лекц уншлаа. Технологийн хөгжлийг яаж хүнлэг, ёс суртахуунтай явуулах вэ гэсэн сэдвээр Think tank-ийн үүсгэн байгуулагчийг урьж, лекц уншуулсан. Миний хувьд дэлхийн шилдэг эрдэмтдээр хичээл заалгасандаа олзуурхаж, баярлаж байлаа.

Эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй цагт ардчилал маш хэврэг гэж дүгнэсэн

-Хэдэн жилийн дараа эрдэм мэдлэгийн шинэчлэл хийсэн тань энэ байв?

-2018 онд Сангийн дэд сайд байхдаа Оксфордын их сургуульд долоо хоногийн хөтөлбөрт хамрагдсан. Оксфорд, Стэнфордын их сургуулиуд дэлхийн мэдээллийг нэгтгэн дүгнээд, охь шимээс нь түгээдэг эрдмийн ундарга юм. Хэрэв нэмж судлах бол ийм номнууд уншаарай гэж номуудын жагсаалт өгсөн. Би чемодан дүүрэн номтой ирсэн. Уншилгүй болохгүй юм билээ. Хүн ядаж арван жилд нэг удаа эрдэм мэдлэгийн шинэчлэл системтэйгээр авч байх ёстой юм билээ.

-Стэнфордын их сургуулийн профессорууд Монголын ардчиллыг хэрхэн үнэлж дүгнэсэн бол?

-Монгол Улсын хувьд elective democracy буюу сонгууль явуулдаг ардчиллын хөгжлийн дунд шатанд орсон гэж дүгнэж байна. Гэхдээ дээд шатандаа хүрч, ганхахааргүй түвшинд хүрээгүй, түүний тулд танай улсын орлого өсөх ёстой гэсэн. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй цагт ардчилал алдагдах эрсдэлтэй гэж дүгнэсэн. Геополитикийн амаргүй бүс нутагт алдаа, оноотой ч ардчиллын замаасаа ухраагүй 30 жил ардчиллаа бэхжүүлсээр ирсэн нь бидний сайн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүнийгээ бэхжүүлж чадсан.

-Та Америкт Иелийн их сургууль, БНХАУ-д Технологийн их сургууль төгссөн. Сурах арга барилыг өөртөө хэрхэн суулгасан бэ?

-Сурна гэдэг асар их тэвчээр, тууштай хөдөлмөр гэдэг маргашгүй үнэн. Гадаадад сурсны гавьяа гэж юу байх вэ? гэсэн үзэлтэй хүн ч байдаг. Монголын топ сургууль МУИС, КТМС зэрэг сургуулиудад хүссэн ангидаа элсэж орох ч амар зүйл биш. Тэгвэл орон орны шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөж дэлхийн топ сургуулиудад элсэнэ гэдэг бүр хэцүү. Тэнцэж ороод сурах ч амар зүйл биш. Би сурахын тулд үеийнхнээсээ олон зүйлээс хоцорсон, хоцорч байж л энэ бүхнийг амжуулсан. Гэхдээзалуу хүнд хийх хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролгэж хэлнэ. Боловсролтойн дээр зөв хүмүүжил, үзэл санаатай байх чухал.

Та хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийн 80 хувьд үүрэг хүлээх ёстой

-Зөв үзэл санааг хаанаас олж авах вэ?

-Ээж, аав, нийгэм нь л бүтээдэг гэж бодож байна. Нэг багш өдөрт 30-40 хүүхэдтэй харьцдаг. Та өөрийнхөө 3-4-хөн хүүхэдтэй л харьцана. Бид бүгд маш их ажилтай. Тэгэхээр та хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлийн 80 хувьд үүрэг хүлээх ёстой гэж дэлхийн боловсрол, сурган хүмүүжлийн судлаачид үздэг юм билээ. Гэхдээ би ч хүссэн хэмжээндээ оролцож чаддаггүй. Түүнээсээ болж аав, ээжээс шүүмжлэл хүлээдэг. “Чиний дарга, УИХ-ын гишүүн байх хэнд хамаатай юм. Бид нар чамайг ингэж хүмүүжүүлээгүй. Бид чиний төлөө ямар их цаг зав, сэтгэл гаргаж байв. Чи тэгэхгүй байна!” гэдэг. Тэдний буруу биш. Би хүүхдүүддээ цаг зарцуулдаг ч ээж, аавын санасан хэмжээнд хүрэхгүй л байгаа юм.

-Танд хүүхдүүдтэйгээ ажиллах гэрийн дүрэм байдаг уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Би орой аль болох хүүхдүүдээ унтахын өмнө очихыг хичээдэг. Хүүхдүүддээ ном уншиж өгнө. Бага насны хүүхдийн номыг би илүү сайн мэднэ. Таван настай хүүдээ ахынх нь номнуудыг уншиж өгнө. Ахад нь сургамжит өгүүллэгүүд болон үг үсгийн алдаагүй, зураг хөрөг хэвлэлт сайтай номнууд авч өгдөг. Хүүхдийн ном сонгохдоо би өөрөө уншиж байж авдаг.Зарим ном ядмаг найруулгатай, зураг үзэмж муутай, үг үсгийн алдаатай байна. Ном уншихдаа хүүхэд тэндээс ямар нэг сургамж авах ёстой. Гэтэл ямар ч сургамжгүй, ямар санаа хэлэх гэсэн нь тодорхойгүй номууд ч байдаг. Тийм учраас хүүхдэдээ уншуулах номны сонголтод би их ач холбогдол өгдөг. Дөрөвдүгээр ангийн дунд хүү маань шинжлэх ухааны номнууд сонирхож уншдаг. Хорвоо ертөнцийн сонин хачин, учир шалтгааныг тайлбарласан номонд дуртай.

Эссэндээ “ЕБС-иа онц төгссөн” гэхээс өөр бичих юмгүй бол уйтгартай

-Гадаадад сурахыг хүсдэг хүүхдүүд юун дээр алддаг вэ. Тэдэнд Та ямар зөвлөмж өгмөөр байна?

-“Өсвөрийн парламент” хөтөлбөрт 9-11-р ангийн хүүхдүүдийг хамруулж байгаа нь энэ цаг үед мэргэжлийн сонголтоо хийхэд нь нөлөө үзүүлэх зорилготой. 12-р ангийн хүүхдүүд энэ хавар сургуулиа төгсөөд гадаадад сурмаар байна гэдэг. 12-р ангиа төгсөөд шууд гадаадад сурахаар төлөвлөсөн бол 11-р ангидаа, эсвэл 12-р ангийнхаа өвөл сонгосон сургуульдаа материалаа илгээх ёстой. Материалаа явуулахын өмнө TOEFL, SAT шалгалтаа өгсөн байх хэрэгтэй. Энэ шалгалтыг өгөхийн тулд монгол бүү хэл америк хүүхдүүд хоёр жил бэлддэг юм. Дээр нь сайн дурын, нийгмийн нөлөөллийн ажил хийсэн байх шаардлага тавигдана.

Монгол хүүхдүүд энэ тал дээрээ учир дутагдалтай байдаг тул “Өсвөрийн парламент” хөтөлбөрт нөлөөллийн ажлыг оруулж өгсөн. Сургуулиа сайн дүнтэй, амжилттай төгссөн ч зөвхөн цаасан дээрх дүнгээр үнэлэхэд хэцүү. Тиймээс гадаадын их сургуулиуд нийгмийн ажлын оролцоог нь хардаг. Хэрэв нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бол энэ хүүхдийг бэлдээд гаргавал манай сургуулийн нэрийг гаргах байх, нийгмийн зүтгэлтэн болох байх гэдэг үндэслэлээр ханддаг. “ЕБС-иа онц дүнтэй төгссөн” гэхээс өөр бичих юмгүй бол уйтгартай. Ядаж эссэндээ бичих юм олддоггүй. Дэлхийн өнцөг булан бүрээс онц сурдаг, сурах хүсэл тэмүүлэлтэй, IELTS, SAT шалгалтаа өгсөн, өндөр оноотой хүүхдүүд хандана. Чи тэднээс юугаараа давуу талтай вэ, Монгол гэдгээс өөр сонирхолтой зүйлгүй байж болохгүй биз дээ.

-Монгол байх нь тийм сонирхолтой гэж үү?

-Сонирхолтой, гэхдээ том давуу тал болж чадахгүй. Дэлхийн топ их сургуулиуд янз бүрийн хөгжлийн түвшинтэй аль болох олон улс орноос төлөөлөл авахыг хүсдэг. Гэхдээ сургуулиас тавьсан шаардлагыг хангаагүй бол монгол байгаад ч нэмэргүй л дээ. Гол нь чиний эссэнээс сонирхолтой зүйлийг олж унших ёстой. Тиймээс "Өсвөрийн парламент" хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүд маань цаашдын мэргэжлээ сонгох, сонирхолтой эссэ бичих, том сургуулиудад ч тэнцэж орох үүд хаалгыг нээхийг зорьсон юм.

-Та өөрийнхөө хүсэж сонгосон ажлыг хийж байна уу?

-Би улстөрч болно гэж хүсэж мөрөөдөж байгаагүй ээ. Гэхдээ нийгэмд тустай ажил хийхийг л хүссэн, тэр нь юу ч байж болно. Энэ хүслээ дагаад намын залуучуудын байгууллагад гадаад харилцаа, залуучуудын хөгжил, сургалтын тал дээр нь тусалъя, оролцъё гэж анх орсон. Гэхдээ өөрчлөлтийг хэн нэгэн хийж, миний амьдрахыг хүссэн нийгмийг бүтээнэ гэж хүлээх ёсгүй. Ямар нийгэмд амьдрахыг хүснэ, түүнийгээ бүтээлцэхийн тулд өөрөө ажиллах ёстой юм. Өөрөө өөрийнхөө салбарт л үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Хэрэв эрчим хүчний инженер бол байгальд ээлтэй ямар технологи байна, түүнийг нэвтрүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал гэх мэтээр.

Өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсэж би улс төрд орсон. МАН эрх барьж байгаа энэ үед бид төрийн бодлогод нөлөөлөх боломжтой. Тухайлбал, дотор орчны агаарын чанарыг сайжруулахын төлөө бодлогын шийдвэрүүд гаргуулахын төлөө ажиллаж байна. Монголын 1.2 сая хүүхдийн 800-900 мянга нь сургууль, цэцэрлэгт явж байна. Тэдний эрүүл мэндэд ээлтэй сурах орчныг бүрдүүлэхэд нөлөөлж чадаж байвал миний хувьд том амжилт юм.

-Улс төрийн намын зорилго нь засгийн эрх барих. МАН-ын хувьд УИХ-ын сонгууль дараалан үнэмлэхгүй олонх болж байна. Сөрөг хүчин сул байх нь нийгэмд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Ардчилсан нийгэмд сөрөг хүчингүй байх нь сайн зүйл биш. Ардчиллын суурь зарчим бол өрсөлдөөн. Чуулганы танхимд үзэл бодлын өрсөлдөөн хүчтэй өрнөж байж нийгмийн хэрэгцээнд нийцсэн сайн хууль батлах ёстой.

-1990 оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе тэр цаг үеийн залууст ганзагын наймаагаар хөлжих боломж олдсон. Тэгвэл одоогийн залуус ямар цаг үед амьдарч байна гэж хардаг вэ?

-Дэлхийн улс орон бүхэнд баялаг бүтээгч, баячууд төрөх цикл байдаг гэнэ. Жишээлбэл, Америкт төмөр замууд баригдаж, газрын тос оргилж байх үед газрын тос, төмөр замын баячууд нь төрсөн. Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулсан эхнэр, нөхөр хоёр бол төмөр замаас төрсөн баячууд. Тэд гэрлэснээс хойш 19 жилийн дараа хүүхэдтэй болсон, хүүхэд нь эндсэн харамсалтай явдлын дараа “Энэ сургуулийн бүх хүүхэд бидний хүүхэд юм” гээд өөрийн эдлэн байсан газрыг Стэнфордын их сургуульд хандивлаж, эхний хөрөнгө оруулалтыг хийж байгуулсан түүхтэй. Иелийн их сургуулийг бас нэг хөрөнгөтөн санхүүжүүлж байгуулсан байдаг.

Тухайн үед Америкт “Үйлдвэрлэлийн эрин үеийнхэн хамаг баялгийг хувааж авсан. Бидэнд ямар ч боломж үлдсэнгүй” гэж гомдогсод байсан. Гэтэл шинэ үе бүхэн шинэ цагийн боломжуудыг бий болгодог. Үйлдвэрлэлийн хөгжлийн дараа санхүүгийн салбарын том баячууд төрж эхэлсэн. Дараа нь мэдээллийн технологийн салбарын баячууд түрэн гарсан. Одоо шинжлэх ухаан, технологийн салбарын баячууд төрж байна шүү дээ. Ковид эмзүйн салбарын баячуудыг төрүүллээ. Шинэ эрин үе шинэ сорилтуудыг гаргаж ирсээр байдаг.

Тэр шийдлийг олж харж чадсан хүнд хөрөнгөжих боломжийг атгадаг. Тэгэхээр ганзагын наймааныхан, уул уурхайнхан Монголын хамаг боломжийг ашиглачихсан юм биш. Хөгжлөө дагаад дараагийн шинж боломжууд гарч ирдгийг дээрх жишээгээр хэлэх гэсэн юм. Тэр шинэ боломжийг нэгэнт хөрөнгөжсөн хүмүүс олж харж төдийлэн чаддаггүй. Яагаад гэвэл орлого нь хангалттай, нас нь “явсан” учир нийгмийн шинэ хэрэгцээ шаардлагад мэдрэг байж чаддаггүй. Заримдаа тэдний хүүхдүүд ч олж харж чаддаггүй гэдэг.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ