2022.10.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Батжаргал: Хүүхдийн мөнгийг "Ирээдүйн өв сан"-аас олгох боломжтой эсэхийг тодруулж өгнө үү

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нэгдүгээрт, Улсын төсвөөсөө давсан шахуу хөрөнгө захирч байгаа газрууд бол Төрийн өмчит компаниуд. Энэ чинь байдлыг амар бус болгоод байна. Энэ нөхдүүдийн эрх үүрэг, хөрөнгө зардал, санхүүгийн хариуцлагыг сайжруулах, үүүгээрээ дамжуулан валютын нөөц, ханш, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх тэнцлийнхээ нааштай байдал гэх зэрэг асуудлуудаа оруулж ирэхгүй юм уу?

Хоёрдугаарт, газрын тухай хууль, газар өмчлөлийн тухай хууль ороод ирж байгаа юм байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих бодлого байх шиг байна. Зөв. Алсын аймгуудад энэ хууль гайгүй хэрэгжиж мэднэ. Манай Төв-аймагт хүндэрнэ гэж харж байна. УБ-аас гарсан хүнд газар эзэмшүүлдэг, эзэмших эрх нь дуусахаар өмчлүүлдэг. Энэ үйл явц чинь хотын төвлөрлийг бууруулхад үр нөлөөгөө өгөх юм уу?

Гуравдугаарт, Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-аас олговол яасан юм. Өв сангийн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтөө татчихаж болдоггүй юм уу.

“Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлтүүд орсон байна. Нийт монгол ажилчдын таваас доошгүй нь орон нутгийн буюу сумын ажилчид байна хэмээн заасан. Хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж төлбөр авахаар хуульд тусжээ. Төлбөрийг тухайн суманд үлдээчихмээр байна. Үүнийг ингэж өөрчлөн зохицуулах бололцоо байна уу?

"Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль" ороод ирж. Үүнд бодмоор зүйл их байна. Реформ болон чиг үүрэг бүтцийн хувьд том өөрчлөлт хийж байгаа тохиолдолд тухайлсан нэг аймаг нэгж дээр түр журам зохицуулалтаар туршин, алдаа оноогоо дэнслэн үндэснийхээ хэмжээнд үүнийгээ мөрдөөд ажилладаг байвал зүгээр юм биш үү.

Түүний асуултад, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ