МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжив
2022.10.12
Эдийн засаг, Худалдаа

Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжив

 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ч.Ундрам нар ажиллана.  

   “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурлын гишүүн, тус Түр хорооны дарга Ж.Сүхбаатарын санал болон тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.

    Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад Хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч байгаа аж.

Энэ хүрээнд шинжээч томилон ажиллуулах, улмаар Хөгжлийн банкны асуудлаар бүхэлд нь хянан шалгахад хугацаа шаардлагатай тул Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хүсэлт гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгахаар тогтоолын төсөлд тусгажээ.

    Улсын Их Хурлын тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь дэмжин, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ