МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.11

Д.Сарангэрэл: Ахмад настны тэтгэвэрийг нэмэгдүүлж, зөрүүг арилгах уу

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.11/ хуралдаанаар “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

1990 оноос хойш 30 гаруй жил гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа бид гомдоож, бухимдууллаа. Ажлын хэсэг ахмадуудтай уулзахад хамгийн түрүүнд тэтгэвэрээ нэмэгдүүлэх, зөрүүг арилгах талаар хэлж байна. ХНХЯ-д хэд хэдэн ажил төлөвлөсөн. Энэ дотор ахмадуудынхаа тэтгэвэрийн зөрүүг арилгах том зорилт тавиад тооцоо, судалгааг нь гаргасан.

156,2 тэрбум төгрөгийг шийдвэл 30 гаруй жил ярьсан тэтгэвэрийн зөрүүг арилгах боломжтойг мэргэжилтнүүд гаргаад ирсэн. 2023 оны 1-дүгээр сараас хуулийн шинэчлэлтэй хамт тэтгэвэрийн зөрүүг арилгах ажил руу орж болно гэдгийг Сангийн сайд хэлсэн. Хэрвээ бид үүнийг хийж чадах юм бол 116 мянган иргэний тэтгэвэрийн асуудлыг шийдэх юм. Ингэвэл 92,9-106,9 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ 106 мянгад 14,400 багш, 4500 эмч, 4100 сувилагч, 4900 нягтлан бодогч, дунд шатны байгууллагын 1700 гүйцэтгэх захирал, 7200 жолооч, 3800 барилгачин, 2000 тогооч, 1400 оёдолчин бусад салбарын 72 мянган хүн хамрагдах юм. Ийм нарийн судалгааг бид гаргасан. Үүн дээр ХНХЯ ажиллах ёстой.

Тэтгэвэр улс төр биш үнийн өсөлттэй уялдана. Үүнийг дандаа улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосоор ирсэн. Инфляцтай уялдаад тэтгэвэр нэмэгдээд явж байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ