Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж батална
2022.10.05
Эдийн засаг, Худалдаа

Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж батална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Стандартчилал, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч энэ салбарын хяналтыг орхигдуулсан, мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүйгээс стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байна.

Олон улсын нийтлэг зарчим, практикт итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын үйл ажиллагаагаар стандартын хэрэгжилтийг хангуулах, түүнд хяналт тавих сайн туршлага байдаг, түүнийг Монгол Улсад тогтолцоогоор нь бий болгож нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.

Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх асуудлыг судалж, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Мөн стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулан, хэрэгжүүлэхээр болов.

Тохирлын үнэлгээний байгууллагыг бий болгох, хөгжүүлэхийг бодлогоор дэмжих, Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүргийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж батлуулах, хэмжлийн улсын болон ажлын эталон, тоног төхөөрөмжийн хүчин чадал, нарийвчлалын түвшинг олон улсын жишгийн дагуу үе шаттай шинэчлэн сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, орон нутгийн лабораториудыг Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүрэгт шилжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандартын шаардлагыг тусгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ