МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барина
2022.09.21
Хууль, эрх зүй

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барина

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан. Хуулийн төсөлд иргэдээс санал авсан бөгөөд 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж дуусжээ.

Хуулийн төслийг хэзээ өргөн барих гэж буй талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодруулахад “Хуулийн төслийг УИХ-д ойрын хугацаанд, энэ долоо хоногтоо өргөн барьчих байх гэж бодож байна” гэлээ. УИХ-д өргөн барьсны дараа намрын чуулганаар хэлэлцэх юм.

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн талаар товчхон:

Нэгдүгээр бүлэгт:

Хуулийн зорилт, гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомж, нэр томьёоны тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчмыг тус тус тусгасан. Хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хуулийн төсөлд “гэрийн тэжээвэр амьтан” гэдгийг нохой, муур болон ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг ойлгохоор тодорхойлсон. Ийнхүү тодорхойлохдоо Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-т "тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг ойлгоно гэсэн тодорхойлолтоос гэрийн тэжээвэр амьтан гэдэг ойлголтыг ялган тодорхойлохыг зорьсон.

Мөн “асран хамгаалагч” гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан журмын дагуу өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг ойлгохоор тодорхойлсон. Гэрийн тэжээвэр амьтныг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй боловч түр хугацаанд хараа хяналтдаа байлгаж байгаа иргэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээх шаардлагатай болохыг харгалзан үзэж, гэрийн тэжээвэр амьтныг өөрийн хараа хяналтад байлгаж буй асран хамгаалагчаас бусад иргэнийг “түр харагч” гэсэн нэр томьёогоор хуулийн төсөлд тусгасан.

Хоёрдугаар бүлэгт:

Асран хамгаалагч, түр харагчийн эрх, үүргийг тусгасан. Ингэхдээ гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, мөн нохой, муурын асран хамгаалагч нь асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх нэмэлт шаардлагыг тусгасан.

Хуулийн төслийн зорилгод нийцүүлэн асран хамгаалагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан. Тухайлбал, олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх гэх мэт.

Нохой, муур нь бусад гэрийн тэжээвэр амьтнаас илүү нийгэм, бусдын эрхэд нөлөө үзүүлдэг, асран хамгаалагч, түр харагчаас өндөр хариуцлага шаарддаг тул нохой, муурын асран хамгаалагч, түр харагчийн нэмэлт үүргийг тусгасан. Үүнд, нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх, нохой, муурыг урьдчилан сэргийлэх тарилга, туулгад хамруулах, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях гэх мэт.

Гуравдугаар бүлэгт:

Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн талаар зохицуулсан. Гэрийн тэжээвэр амьтдаас хамгийн түгээмэл гудамжинд хаягдаж, “золбин” гэх тодотголыг авдаг нохой, муурыг асран хамгаалагчийн нэр дээр бүртгэдэггүйгээс нохой, муурыг эд зүйл мэт худалдан авч, тэжээхдээ хариуцлагагүй хандаж, гудамжинд хаях зэрэг үйлдэлд хариуцлага тооцох эзэнгүй болдог.

Нохой, муурыг асран хамгаалагчийн нэр дээр бүртгэдэг болсноор асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэх, нохой, муурыг тэжээхдээ хариуцлагагүй хандсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжтой болох, улс болон орон нутгийн хэмжээнд байгаа нохой, муурын тоо толгойг гаргах зэрэг эерэг үр дагавар бий болох боломжтой.

Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ. Нохой, муурын бүртгэлийн системийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөгжүүлж, хөтлөхөөр хуулийн төсөлд тусгасан.

Дөрөвдүгээр бүлэгт:

Эзэнгүй амьтантай холбоотой харилцааг зохицуулсан. Ингэхдээ бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан ба эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад баримтлах зарчмуудыг тусгайлан заасан. Улмаар бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг энэхүү хуульд заасан зарчимд нийцүүлэн зохион байгуулах үүрэг хүлээнэ.

Тавдугаар бүлэгт:

Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааны талаар зохицуулсан. Нэг хос нохой, муур нь 6 жилийн дараа 67 мянга болж үржих боломжтой гэсэн олон улсын байгууллагын тооцоолол байдаг. Өнгөц харвал нохой, муураа үржүүлэх нь асран хамгаалагчийн эрх мэт харагдаж болох боловч нохой, муурыг нэг удаа үржүүлж, үр төлийг нь гаргах нь эзэнгүй нохой, муурын тоо толгой нэмэгдэхэд хүргэх боломжтой.

Үүнийг харгалзан үзэж нохой, муур үржүүлэх гэдэгт нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан. Улмаар нохой, муурыг нэг удаа үржүүлэхэд энэ хуульд заасны дагуу үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлнэ. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор хуулийн төсөлд заасан.

Зургаадугаар бүлэгт:

Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааны талаар зохицуулсан. Олон улсад “shelter” нэрээр эзэнгүй амьтныг асран хамгаалагчтай болох хүртэл хугацаанд түр байрлуулан, асрамжлах үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн байгууллагууд, хувь хүмүүс түгээмэл байдаг. Манай улсад сүүлийн жилүүдэд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдүүд нэмэгдсэн ба албан бус тоогоор 3 төрийн бус байгууллага, 20 орчим хувь хүн байдаг.

Зарим хувь хүмүүс түр асрамжлан байрлуулах үйл ажиллагаа эрхэлдэг ч эзэнгүй амьтны нэрийг барин иргэдээс хандив, тусламж авч, түүнийгээ амьдралын эх үүсвэр болгосон байх нь бий. Үүнээс зайлсхийж, түр асрамжлан байрлуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хувь хүн бус ашгийн төлөө бус хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулсан. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгохоор заасан. Уг зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор хуулийн төсөлд тусгасан.

Долоодугаар бүлэгт:

Гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүргийг тусгасан. Тухайлбал, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих, нохой, муурын нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулах, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх, эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын нэгдсэн бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Наймдугаар бүлэгт:

Гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах талаар зохицуулсан. Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой хүчирхийллийн шинжтэй харгис үйлдэл, эс үйлдэхүй Монгол Улсад түгээмэл гардаг боловч гэрийн тэжээвэр амьтны хүчирхийллийн талаар ойлголтыг тодорхойлж, хариуцлага хүлээлгэх зохицуулалт одоо үйлчилж буй хууль тогтоомжид байхгүй. Хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэлд тооцогдох 13 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг тусгасан ба гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлтэд заасан хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

ШИНЭ МЭДЭЭ