“Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, Эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг боллоо
2022.09.14
Хууль, эрх зүй

“Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, Эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг боллоо

Монголын Нотариатчдын Танхим үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа “Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, Эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож үг хэллээ.

 

Тэрбээр ”Монгол Улс 2004 онд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс болж, улмаар 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар олон улсын өмнө мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үүргийг хүлээж, төрийн бодлогын хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж ирсэн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд уг хуулиар нотариатчид тодорхой 5 тохиолдолд мэдээлэх үүргийг хүлээх болсон. Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу хуульч, нотариатч, нягтлан бодогч, үл хөдлөх хөрөнгө зуучлагч болон үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж стандартчилсан ФАТФ-ын зөвлөмжийг өдгөө дэлхийн 180 гаруй улс оронд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

Гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувирган эдийн засгийн эргэлтэд оруулж, “бохир” мөнгийг “цэвэр” буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг бөгөөд гэмт этгээдүүд энэ үйл ажиллагаандаа санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг ямар нэг байдлаар оролцуулж, тэдний тусламжтайгаар гэмт хэргээ үйлдэж байдгаас хуульч, нотариатч нь өөрсдийгөө төдийгүй нийгэм, эдийн засагаа энэ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх хүндтэй үүргийг хүлээж байдаг юм.

ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээс 2007 онд хийсэн “Харилцан үнэлгээ”-ний дүнгээр 2019 онд Монгол Улсыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д оруулсан ч төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын хамтын ажиллагаа болон та бүхний хүчин чармайлт, оролцооны тусламжтайгаар 2020 онд манай улс энэ жагсаалтаас амжилттай гарч чадсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг “дийлэнхийг” болон “бүрэн” биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй 2 дахь улс болоод байна.

Цаашид энэ эрчээ алдалгүйгээр дараагийн харилцан үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, амжилтаа бататгахад эрхэм нотариатчдын үүрэг, оролцоо, тусламж дэмжлэг нэн чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.

Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл болон Хамтын ажиллагааны зөвлөлийн зүгээс төрийн бодлогын хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 265 тоот тогтоолоороо үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр” баталсан.

Монголын нотариатчдын танхим болон нийт гишүүн нотариатчид хуульд заасан мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх нь манай улсаас олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал нөлөөтэй болохыг ухамсарлаж, сургалт, сурталчилгааны ажлыг идэвхтэй өрнүүлж, харилцан бие биенээ уриалан соён гээгээрүүлж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбоо харилцаа тогтоон туршлага судлан ажиллах нь зүйтэй юм.

Энэхүү үйл ажиллагаанд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн яам та бүхэнтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байх бөгөөд аливаа санал санаачлагыг үргэлж таатай хүлээн авахаа илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ