МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа
2022.09.05
Улстөр

Х.Ганхуяг: Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-ҮХНӨ-өөр гишүүдийн тоо нэмэх, Ерөнхийлөгч парламент, эсвэл ард түмнээс сонгогддог байх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байсан ч эрх баригч нам өөрт хэрэгтэй давхар дээлний асуудлыг Цэцээр шийдвэрлүүлээд бусад асуудлыг хаячихлаа хэмээн нийгмийн тодорхой хэсэг шүүмжилж байна. Парламентын ардчиллыг төгөлдөршүүлж гишүүдийн тоог нэмэх асуудлыг танай нам ингээд орхиж байна гэж ойлгох уу?

-Давхар дээлний асуудал хэзээ нэгэн цагт сөхөгдөх л байсан. Манай улс бол парламентын засаглалтай орон шүү дээ. Давхар дээлний асуудал үүсэхээр хүссэн хүсээгүй гишүүдийн тоог нэмэх асуудал үүснэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд засгаа өөрөө мэдээд байгуулж болно гээд эрхийг нь өгчихөөд дөрөвхөн сайд давхар дээлтэй байж болно гээд хязгаар тавьчихаар болохгүй байгаа юм.

Улс төрийн намууд болон улс төрийн намуудын боловсон хүчин хязгаарлагдмал байдаг. Намууд хамгийн сайн потенциалтай гишүүнээ л нэр дэвшүүлдэг. Дан дээлтэй сайд нарын улс төрийн туршлага, бодлогоо УИХ дээр хамгаалж чаддаг байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх зэрэг нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх шаардлага үүссэн байх гэж харж байна. Сайд нарын тоо ихэсчихээр гишүүдийн тоог нэмэх асуудал дагаад ургаж гарч ирнэ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн бол болох байсан байх.

Аль эсвэл дөрвөн сайд давхар дээлтэй байна гэсэн хязгаарлалттай байвал 76 гишүүнтэй байх нь зөв. Тэгэхгүй бол ажлын хэсэг нь хуралдахгүй, байнгын хороо, чуулганы ирц хүрэхгүй зэрэг олон асуудал бий. 76 гишүүн их юм шиг боловч байнгын хороондоо хуваагдаад салбарын хууль орж ирэхээр цөөддөг. УИХ-ын 39 гишүүн дэмжсэн санал өгч байж хууль эцэслэн батлагддаг. Тэгэхээр иргэд хууль батлах ажилд нөлөөлж эхэлж байгаа юм. Тиймээс гишүүдийн тоог нэмэх асуудал яах аргагүй яригдах байх гэж бодож байна.

Ерөнхий сайд болон Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүдийн тоог нэмнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр гишүүдийн тоо нэмэгдэх болов уу гэж бодож байна. Миний байр суурь гэвэл, би хэд хэдэн орны парламентын тогтолцоог судалж үзсэн. Манайхтай ойролцоо орон Гүрж байна. Гүрж 3сая 800 мянган хүн амтай. 150 гишүүнтэй. 70 хувь нь пропорциональ хувилбараар сонгогддог.

30 хувь нь тойргоосоо сонгогддог. Манайх шууд 70 хувь нь пропорционалиар сонгогдоно гэхээр хэцүү байж магадгүй. 76 гишүүний 48 нь орон нутгаас сонгогддог. 28 нь хотоос сонгогддог. Хотод хийх хөрөнгө оруулалтаас эхлээд төсвийн хөрөнгө оруулалтын маргаан гарч байна. Монгол Улсад нэн тэргүүнд хийх ёстой ажлууд дээрээ мөнгөө тавьж чадахгүй байна. V цахилгаан станцын асуудал яригдахгүй байна.

Эрчим хүчний дутагдалд орчихсон байж байна. Манай улс өнөөдөр эрчим хүч, дэд бүтэц, замын ажлуудаа шийдэж, дараагаар нь боомтын асуудлаа шийдчихсэн байсан бол эдийн засгийн өсөлт өнөөдөр шал өөр байх байсан. Ганцхан төмөр замыг л гэхэд 2011, 2012 ондоо шийдчихсэн байсан бол төмөр замын нэвтрүүлэх чадвар сайжирч эдийн засаг хоёр дахин томрох байсан.

-Өмнөх сайдуудыг ямар ч нээнтэггүй, шинэ залуу сайдууд ажлаа сайн хийж байна гэж танай намынхан тухайн үед ярьж байсан. Гэтэл юу нь болохоо байчихаад сайдуудыг сольчихов оо?

-Цаг хугацаа харуулах болов уу гэж бодож байна. Өмнөх сайдуудын хувьд сайн ажилласан сайдууд бий. Гэхдээ учир дутагдалтай ажилласан сайдууд ч бий. Энгийн жишээ хэлэхэд, боомтуудыг зохих түвшинд ажиллуулж чадсангүй. Логистик, ачаа тээврийн бараа эргэлтийн асуудлаа шийдэж чадсангүй. Үүнээс улбаалж ханшаа алдсан. Манай төсвийн бүрдүүлбэрийн 30 хувь нь нүүрс. Жил бүрийн төсвийн төсөөлөл дээр 30-32 сая тонн нүүрс гаргана гэж орж ирдэг. 2020 онд ч энэ хэмжээнд хүргэж гаргаж чадаагүй.

2021 онд ч гаргаж чадаагүй. Ийм хэмжээний нүүрс гаргана гэж дандаа өндөр орлого төсөөлөөд өндөр зарлага гаргачихдаг. Энэ зүйлдээ хүрээгүй. Үүнийг хариуцсан сайд нь сая солигдож байх шиг байна. Өнөөдөр эдийн засагт үүсчихээд байгаа байдал яалт ч үгүй тээвэр логистикийн асуудал үүсээд байгаа юм. 2020 он ч тэр, 2021 онд ч тэр төсөв батлагдахад би ганцхан асуулт асуудаг.

“Нүүрсээ гаргаж чадах уу, боомтоосоо болж ханшаа алдах вий, эдийн засгийн хямралд орох вий гэж асуухаар намайг попорлоо гэж хэлдэг байсан. Өнөөдөр тийм нөхцөл байдал үүсчихсэн сууж байна.

-Манай улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Хүндрэл улам гүнзгийрэх юм биш үү?

-Манай улс жижигхэн эдийн засагтай. Энэ жилийн тухайд экспортлохоор төлөвлөсөн нүүрсээ гаргаж чадвал ямартаа ч ханшаа барих байх, импортын инфляци гайгүй болох байх. Ирэх сарын 16-нд Хятадын коммунист намын хурал болох гэж байна. Энэ хурал нь өндөрлөж ковидын хорио цээрээ багасгачихвал манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлнэ. Хоёрдугаарт, дэлхий даяар хүнсний дутагдал үүсчихээд байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт биднээс хамааралгүй болчихоод байна. Мах, гурил зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс барьж байна. Зохицуулалтгүй орхисон бүтээгдэхүүн яалт үгүй хомсдолд орно. Энэ жил ургамлын тосны үнэ дэлхий нийтэд 30 хувиар өсч байгаа. Ирэх 2-3 жилд хойд хөршийн дайны нөхцөл байдал хэр удаан сунжрахаас хамаарч хүнсэнд байнгын нөлөөл үзүүлэхээр харагдаж байна.

Оросын “Восток” цэргийн хээрийн сургуулилтад манай улсын цэрэг оролцож байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс “Восток”-ийн цэргийн сургуулилтад өмнө ч оролцож л ирсэн. Өмнө нь тохирчихсон байсан хуваарийн дагуу оролцож байгаа гэсэн хариу бидэнд өгсөн. Өмнө нь тохирч, ойлголцсон асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, эсвэл тухайн Засгийн газраас хойшлуулах зогсоох боломжтой. Түүнээс УИХ-аас зогсоох болмжгүй.

Миний хувьд гадаад бодлого нэг цонхоор явагдах ёстой гэдэгтэй санал нэгддэг. Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа.

 

Р.Хишигжаргал

ШИНЭ МЭДЭЭ