МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.24

С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд болсон сонгууль, улс төрийн бүх зүйлийг самарсан

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022,08,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сонгуулийн тогтолцоо, давхар дээл, гишүүдийн тоо, ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу үгүй юу гээд маш олон үндсэн хуулийн өөрчлөлт дээр иргэд саналаа өгсөн. Үүнийг дэмжээд улс төрийн намууд хэлэлцүүлэг хийсэн. Ингэхэд бүх нам хамгийн чухал асуудал нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр санал өгсөн. Сонгуулийн тогтолцооны тухай гаргахад цэц таг болдог. Давхар дээлний талаар ярихад маргааш нь шийдвэр гаргаж байгаад ард түмэн дургүйцэж байна. Ардчилсан намын бүлэг зөв явъя гэж байгаа. Та нар хурдан шийдэх гэж байна гээд үндсэн хуулийн хямрал руу улс орныг түлхэж болохгүй. Ийм үндсэн хуулийн цэцтэй байгаа үед үндсэн хууль аюултай байдалд байна. Цэц өнгөрсөн хугацаанд улс төрийн сонгууль бүх юмыг самарсан.

1992 оны үндсэн хуульд давхар дээл болно гэчихээд Ардчилсан холбоо, эвсэл ялахад 1996 оны 07-дугаар сард нь давхар дээл болохгүй гэж гаргасан. Гэтэл 2000 онд МАН ялахад үндсэн хуулийн цэц давхар дээл болно гээд гаргачихаж байгаа юм. 2012 онд холимог тогтолцоо болно гэсэн хэрнээ 2016 онд болохгүй гэсэн. 2005, 2015 онд үндсэн хуулийн цэц магадлал гаргаад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэц хянан шийдвэрлэхгүй гэж заачихаад яагаад сая энэ хоёр заалтыг хүчингүй болгож байна вэ? Үүнийг яагаад их хуралтай, судлаач, үндсэн хуулийг батлалцсан нийгэмлэгийхэнтэй ярихгүйгээр ийм шийдвэр гаргасан бэ?

Нэг ноцтой асуудал байна. Давхар дээл болно үндсэн хууль зөрчөөгүй гэж гаргачихаад 1996 оныхоо давхар дээлний асуудлыг эцэслэн шийдсэн цэцийн тогтоол хэвээрээ байна. Энийг хүчингүй болгоогүй. Ийм байхад аль дүгнэлтээр явах юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ