Ц.Мөнхцэцэг: “Давхар дээл”-тэй сайд нар болон гишүүдийн тоог 2019 онд нэмэх ёстой байсан
2022.08.24
Хууль, эрх зүй

Ц.Мөнхцэцэг: “Давхар дээл”-тэй сайд нар болон гишүүдийн тоог 2019 онд нэмэх ёстой байсан

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ҮХЦ БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН-

-ҮХЦ Үндсэн хуулийн 39.1.2 дахь заалтын хоёр дахь өгүүлбэрийг хүчингүй болгосон нь түүхэндээ анх удаа гаргасан шийдвэр байлаа. Чамгүй маргаан дагуулж байна. Энэ талаар та ямар үзэл бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байнгын хороод болон хуульчдын дунд ихээхэн маргаан, мэтгэлцээн өрнүүлээд байгаа. Миний хувьд цэцийг буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 69.4-т Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй байна гэж заасан байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй заалтыг Цэц өөрчилж байгаа нь Үндсэн хуулийн маргаан дагуулахад хүргэлээ.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 66.2-т Цэцийн шийдвэрлэх эрх зүйн хүрээг зааж өгсөн байдаг. Үүнд Монгол Улсын хууль, зарлиг, Ерөнхийлөгчийн болоод Засгийн газрын шийдвэр хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хянах ёстой. Үүн дотор Үндсэн хуулийг хянана гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс Цэц бүрэн эрхийн хүрээнээс хальсан шийдвэр гаргасан байх магадлалтай гэж үзэж байна.

Эл асуудлыг намын бүлгийн хуралдаанаар өргөн хүрээнд авч хэлэлцсэн. УИХ-ын зарим гишүүд болон УИХ-ын дарга Г.Занданшатар энэ агуулгаар үгээ хэлсэн байдаг. Ингээд Цэцээс тодруулга авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн 68.1 дээр Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр бүхэлдээ ҮНХӨ хийхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа. Цэцийн шийдвэр эцсийн учраас тэр.

-Цэц “хүчингүй болголоо” гэх шийдвэртээ ямар тайлбар ирүүлэх нь анхаарал татаж байна л даа?

-Цэц нэгэнт их суудлаараа шийдвэрээ гаргасан учраас УИХ-д ирүүлэх тодруулга байна уу, ҮХНӨ оруулах санал байна уу хамаагүй гаргасан шийдвэрээ баталсан, илүү тодруулсан л агуулгатай байх юм. Саяын гаргасан шийдвэрээс нь харахад цаашид Цэцийн бүрэн эрх, эрх зүйн хүрээ хязгаарыг нь дахин эргэж харах зайлшгүй шаардлагатай байгааг харуулчихлаа.

-Тэгэхээр Цэцийн хууль эрх зүйг сайжруулах, улс төрчдөөс хараат бус байлгах тал дээр анхаарах цаг болжээ?

-Ер нь Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийн шүүх байх ёстой. Үндсэн хуулийн шүүх гэдэг утгаар нь үйл ажиллагааг нь илүү чадавхжуулж, хараат бус мэргэшсэн томилгоогоор бүрдүүлэх, эрхлэх үйл ажиллагааных нь хүрээ хязгаарыг илүү тодруулах шаардлагатай. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн байх тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд хийх нь зөв. "Цэцийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" дээр Хууль зүйн байнгын хороонд Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

-ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ХООЛОНД ОРУУЛАХ БИШ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО-


-Танай нам дотор зарчим яриад, Цэцийн шийдвэрийг буруу гэж дуугарах УИХ-ын гишүүн байхгүй байх шиг?

-Бүлгийн хуралдаанаар Цэцийн шийдвэрийг буруу гэхээсээ илүү эрх зүйн маргаан үүсгэж байна гэж үзэцгээсэн. Миний хувьд ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн л дээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн асуудал өнгөрсөн 30 жилийн түүхэнд үүсч байгаагүй.

Тиймээс эрх зүйн хэллэгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаараад дараа дараагийн асуудлууд гарах магадлалтай. Үндсэн хууль гэдэг бол төр ард түмний хоорондын нийгмийн гэрээний баримт бичиг. Түүний хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрх бүхий байгууллага ҮХЦ. Энэ байгууллагынхаа эрх зүйн статусыг илүү тодорхой, хүчтэй, хараат бус болгох тал дээр анхаарах нь зүйтэй гэж түрүүн дурдсан.

Зарим улс төрийн нам Цэцийг “Эрх барьж буй намын явуулгаар шийдвэр гаргалаа” хэмээн нэр хүндэд нь халдах, үгүйсгэх хандлага гарч байна. Энэ нь угтаа буруу.

-Эрх баригч нам хоёрдугаар ээлжийнхнээ хоолонд оруулах гэж байна гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Парламент болон Засгийн газар хоорондын харилцан тэнцлийг хангах, Засгийн газрын чадавхыг нэмэгдүүлэх асуудал нь ҮХНӨ-ийн гол зорилго. Тэгэхээр МАН хоёр удаа дараалан ялж, парламентад орж ирснээр бодлогын томоохон өөрчлөлт, реформуудыг хийх зорилго өвөртөлж байгаа. Чухам энэ цаг үед ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх нь МАН болоод УИХ-ын гишүүд бидний үүрэг. Ийм нөхцөлд ээлжээ хүлээж буй хүмүүсийг эрх мэдэлд хүргэх зорилго байхгүй. Өнгөрсөн 2020 оны сонгуулийн амлалтаа биелүүлэх, таван жилийн зорилтынхоо хэрэгжилтийг хангах бүтээн байгуулалтын ажлаа хийх нь гол ажил.

-Гишүүдийнхээ тоог нэмээгүй байж “давхар дээлтэй” сайд нарыг олон болгох гэж байгаа нь хэр зөв юм бэ. Процессийн хувьд хэрхэн өрнөх юм бэ?

-Энэ их чухал асуудал. Хаврын чуулганаар УИХ-д суудалтай зарим намууд, ХҮН намын Т.Доржханд тэргүүтэй гишүүд ҮХНӨ оруулах санал хүсэлт гаргаад өргөн хүрээний хэлцэл өрнүүлсэн. Түүнд нь 2000 гаруй иргэн гарын үсгээ зурсан байдаг. Мөн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг авсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн холимог систем, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тухай болон хүний эрхийн тодорхой заалтуудаар санал сонссон. Үүнээс давхар дээлийн асуудлаар гомдол гаргасан гишүүдийн саналыг нь Цэц шийдчихлээ.

Тэгвэл “Давхар дээл”-ийн асуудал буюу засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх асуудлыг тоогоор уях ёстой. Манайх 76 гишүүнтэй байгаа нь харьцангуй жижиг парламенттай улсдаа орно. Энэ жижиг парламентын 20 гаруй нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг болчихвол хууль тогтоох үйл ажиллагаа, Засгийн газрын гүйцэтгэх засаглалын чадавхад яах аргагүй нөлөөлнө.

Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг давхар ярих ёстой. Тэгэхгүй бол бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтана. Тухайлбал, байнгын хорооны ирц бүрдэхгүй байхаас эхлээд асуудлууд үүсэх юм. Цэцийн шийдвэрийн маргааны дараа гишүүдийн тоо, хүний эрхийн асуудлууд, нийслэлийн төвлөрлийг сааруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр ярилцаад байна.

-Ц.ЭЛБЭГДОРЖ ОРУУЛЖ ИРСЭН “ДАВХАР ДЭЭЛ” ГЭХ НЭРШИЛ МЕХАНИЗМ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ-


-2019 онд уг нь лоббины парламентаас салах гэж л “давхар дээлтэй” сайд нарынхаа тоог дөрөв болгосон. Одоо буцаагаад нэмж байгаа нь засаглалын, хууль зүйн, сонгодог парламент руу зорьж буй улсын хувьд хэр зохимжтой юм бэ?

-Агуулгын хувьд Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байдаг нь парламент засаглалтай улс орнуудад байдаг нийтлэг жишиг л дээ. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гэж хуульчилсан улс орнууд ч байна. Монгол Улсын хувьд 1992 онд баталсан Үндсэн хуулиар 76 гишүүнтэй байж ирсэн нь өдгөө харьцангуй жижиг парламенттай улс орны тоонд орно гэж түрүүн хэлсэн. Ийм жижиг парламентад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл” гэх нэршил оруулж ирсэн энэхүү механизм сөрөг үр дагавартай. 2012 оны УИХ-аас эхлээд сүүлийн дөрвөн парламент дагнан “давхар дээл”-ийн асуудал, гишүүдийн тоог нэмэх сэдвийг ярьж ирсэн байдаг.

2019 онд өргөн баригдсан ҮХНӨ-ийн төсөл дотор “давхар дээл”, гишүүдийн тооны асуудлыг оруулж ирж байсан. Тухайн үед миний бие улстөр судлаач, эрдэмтнээр ажиллаж ҮХНӨ-төд бодлогын зөвлөмжүүдийг өгч байлаа. Ингэхэд эрдэмтэн судлаачдын баг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх асуудлыг дэмжиж байсан.

-Гэвч эдгээр өөрчлөлтүүдийг оруулж ирээгүй шүү дээ?

-Харамсалтай нь тухайн үеийн улстөрийн институцуудын хоорондын ойлголцол, зарим харилцан буултуудын явцад зарчмын шинжтэй чухал өөрчлөлтүүд гишүүдийн санал авч чадаагүй. Үүний нэг нь гишүүдийн тоог нэмэх асуудал байсан. Мөн “давхар дээл”-тэй сайдыг дөрвөөр хязгаарласан асуудал. Уг нь 2019 онд л хийчих байсан өөрчлөлт. Гэвч одоо дахин шинээр дахин ярихад хүрч байна.

-“Давхар дээл”-тэй сайд нарын болоод гишүүдийн тоог 2019 онд л нэмэх ёстой байж тийм үү?

-Тийм. Хаврын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр улс төрийн намуудын ҮХНӨ оруулах тухай санал санаачлагыг хэлэлцэн судлах ажлын хэсэг гарч ажилласан байдаг. Энэ ажлын хэсэг миний бие багтаж ажилласан. Бид нэлээн өргөн хүрээтэй судалгаануудыг хийсэн. Дэлхийн улс орнууд, хүн амын тоо, газар нутгийн төлөөлөл, сонгуулийн систем зэрэг хэд хэдэн зүйлийг харгалзан нэмэх шаардлагатай гэж үзсэн л дээ.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам багатай, ялангуяа хил хязгаар нутгуудад хүн амын нягтаршил бага учир парламент нь хүн амын төлөөллийг ч, газар нутгийн төлөөллийг ч хангадаг тогтолцоотой байх ёстой. Үүний тулд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийнхээ тоог олон улсын жишгээр зохистойгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдсан. Энэ талаар судлаач, хуульчдын зөвлөмжүүд маш их бий.

-ОДОО ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЭР БИЧИХ ЦАГ ҮЕ НЬ БИШ-


-Үндсэн хуулиа шинээр бичих эсэхийг судлахаар Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн ажлын хэсэг гарчихсан. Шинээр бичих юм уу, өөрчлөх цаг нь үе нь мөн юм уу?

-Одоо Үндсэн хуулийг шинээр бичих боломжгүй. Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учир зөвшилцлийн томоохон баримт бичиг. Ойр ойрхон зарчмын том өөрчлөлт оруулж болохгүй л дээ. Зарим намуудын яриад байгаа шиг шинэ Үндсэн хууль ярих эрх зүйн боломж одоогоор байхгүй. Цаг үе нь биш. ҮХНӨ оруулах журмын тухай хууль гэж бий. Түүнд Монгол Улсын тусгаар тогтнол, Ардчилсан төрийн гол зарчмыг хөндсөн шинжтэй өөрчлөлт хийхийг хаана, хориглосон байдаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ