Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа
2022.07.18
Уул уурхай, Ашигт малтмал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. 

Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр зуун мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох, зүүн болон дөрөвдүгээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, хөрөнгө оруулалт засвар угсралтын ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК шахмал түлшин дэх хүхэрлэг хийн агууламжийг 50 хүртэл хувь бууруулах судалгаа хийж, эхний үр дүн гарч үйлдвэрлэлийн туршилтад оруулаад байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалттай өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтын ажлыг мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 8-р сарын 1 гэхэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг сануулж, хэрэгжилтийг долоо хоног бүр өөрийн биеэр шалгана гэв.

ШИНЭ МЭДЭЭ