Өлзийт сумын номын санг Дарьзавын Батсүхээр овоглов
2022.07.06
Орон нутгийн хөгжил

Өлзийт сумын номын санг Дарьзавын Батсүхээр овоглов

Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Өлзийт сумын номын санг тус сумын уугуул Дарьзавын Батсүхийн нэрэмжит болгож, нээлтээ хийв.

Д.Батсүх Түшээт хан аймгийн Буянт-Овоо сумын нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Их уул хэмээх газарт төржээ.

Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөн, аймгийнхаа ХААУГ-т ажиллаж байсан тэрээр яруу найрагт дурлаж, Дундговь нутгийнхаа байгалийн гоо үзэсгэлэн, тал нутаг, хад чулуу, газар шороо, хуй салхи, хүн ардын сэтгэлийн тансаг дүрслэл бүхнийг дүрслэн бүтээсэн хүн юм. Түүний туурвисан “Уянгын тахилга” номын 2 дахь хэвлэлийг энэ өдөр мөн түмэн олондоо дэлгэн танилцуулжээ.

Нээлтийн ажиллагаанд Д.Батсүхийн охин, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, эхнэр Д.Сэржмядаг, гэр бүлийн бусад гишүүд болон УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Ц.Цэрэнпунцаг, Э.Батшугар, сумын удирдлагууд, иргэд оролцсон байна.

Өлзийт сумын номын сан түүх, соёл, шинжлэх ухаан боловсрол, хэл шинжлэл, аман зохиол, утга зохиол, уран зохиол,урлаг, шашин, гүн ухаан, сэтгэл судлал, лавлах хэвлэл зэрэг ангиллын 3740 гаруй номын фондтой. Иргэдэд танхимаар болон гэрээр ном олгох үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

Тэмдэглэлт баяр ёслол болон бусад өдрүүдийг угтан төрөл бүрийн номын үзэсгэлэнг тогтмол гарган уншигч, үйлчлүүлэгчиддээ танилцуулдаг бөгөөд Монгол улсын Төрийн шагналт соёлын гавъяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн зохиол бүтээл болон нутгийн зохиолчдын номын үзэсгэлэнгийн булантай ажээ.

ШИНЭ МЭДЭЭ