Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна
2022.07.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган га-д төмс, 10 мянган га-д хүнсний ногоо, 51 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4,6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338,8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 85,7 хувь буюу 290 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.

Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.  

ШИНЭ МЭДЭЭ